Цагдаагийн 600 албан хаагч 307 чиглэлд эргүүл хийж байна

Цагаан сарын баяртай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдал, амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Уг ажлын хүрээнд ирэх гуравдугаар сарын 3-ныг хүртэл олон нийтийн цагдаа, нохойтой болон урамшуулалт эргүүлийн 600 албан хаагч, 307 чиглэлд өдөр тутам эргүүл хийж байгаа аж.
Мөн баяр дөхөх үеэр хулгайн хэрэг ихэсдэг учраас байр, орчны гэрэлтүүлгээ сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн баяр, амралтын өдрөөр согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөлөө.
Өнгөрсөн жил “Цагаан сар” арга хэмжээгээр гэмт хэрэгт сэжиглэгдсэн 69 этгээдийг олж тогтоон, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 266, түдгэлзүүлсэн 139, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 116 хэргийг нөхөн ирүүлсэн байна.




