Ирц 51.3 хувьд хүрч, чуулган эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.55 цагийн орчимд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 51.3 хувь нь хүрэлцэн иржээ.
Одоо чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төслийг буцаах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг гаргасан юм. Сонгуулийн нэгдсэн хуулиас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг салган, дангаар нь УИХ-аар хэлэлцэн баталсан нөхцөлд 180 гаруй санал хүчингүй болох нөхцөл үүссэн , мөн цаг хугацааны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлахад хожимдсон зэрэг нь буцаах үндэслэл болсон юм.




