Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад эрүүл ахуйн багцын тусламж үзүүллээ

2017 оны 1 сарын 12

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Үүнтэй холбогдуулан өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн охид эмэгтэйчүүдэд НҮБ-ын хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламж үзүүлж, тусламжийн ачааг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара "Багцад ариун цэврийн хзрэглэл, нүүр гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн алчуур, шүдний оо, сойз, зайгаар ажилладаг гар чийдэн зэрэг зүйлс багтсан. Зайгаар ажилладаг гар чийдэнг эмэгтэйчүүд шөнө оройн цагаар гарч явахдаа ашиглах боломжтой. Бас байгалийн гамшгийн үед охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан болон бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг туп өөрийгөө аюулаас хамгаалах зорилгоор ашиглах шүгэлийг энэ багцад оруулсан. Цас их орсны улмаас зам харгуй хаагдаж охид, эмэгтэйчүүд өдөр тутмын бараагаа гадагш гарч авч чаддаггүй учир энэ тусламжийг илгээж байна" гэв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр нэг, хоёрдугаар сард цас их орж,  олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөвтэй байгааг мэдээлсэн. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл гарсан байна.

Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ. Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж  буй учир говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс бага насны хүүхэд, малчдад дархлаа сайжруулах, биеийн эсэргүүцэл дэмжих амин дэм, илчлэг, тэжээллэг хоол хүнс олгох, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулц сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг ирүүлсээр байна.

Б.ЦОГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39892
0 эможи
keyboard_arrow_up