Жолооч ХАР ТАМХИ хэрэглэснийг тогтоох аппарат улсад ганцхан байна

-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСООР...-
Сүүлийн үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Өмнө нь замын хөдөлгөөнд оролцож зөрчил осол гаргасан жолооч нар согтуурлын зэрэгтэй нь илэрдэг байсан. Харин сүүлийн үед замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, гэрлэн дохио, гарц, тэмдэглэгээг зөрчиж байгаа жолооч нарыг зогсоож шалгахад хүүхэн хараа томорсон, нүүрний хувиралгүй, хэлсэн үг яриа ойлгохгүй байдалтай нь цөөнгүй илрэх болсон талаар албаныхан сануулж байгаа юм.
Замын хөдөлгөөн зохицуулж буй замын цагдаа нар жолооч хар тамхи татсан эсэхийг илрүүлэх боломж байхгүй бөгөөд газар дээр нь согтолтын зэрэг шалгадаг тандагч багаж шиг багаж байхгүйн улмаас ихээхэн чирэгдэл үүсдэг аж.
-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШҮЛСЭЭР НЬ ШИНЖИЛДЭГ-
Замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт жолооч нараас хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох төхөөрөмж буюу “Drager 5000” гэх тандагч багаж улсын хэмжээнд ганцхан байдаг аж. Дээрх аппаратыг онцгой тохиолдолд буюу өөрчлөлттэй жолооч нарыг замын цагдаагийн байранд авчран шүлснээс нь арчдас авч, шалгаснаар гурван минутын дотор хариу гардаг байна.
Энэ аппаратаар хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдвол хуулийн дагуу шүүх эмнэлэг рүү тухайн хариуг шилжүүлдэг аж. Ингэснээр шүүх эмнэлэг тухайн жолоочийн шээс болон цуснаас дээж авч, ямар төрлийн хар тамхи эм бэлдмэл хэрэглэсэн болох, хувь хэмжээг 14 хоногийн дотор нарийвчлан гаргадаг байна. Замын цагдаагийн алба хуулийн дагуу торгох юм уу тухайн жолоочийн эрхийг хасаад явуулахаас өөр эрх зүйн орчин бүрдээгүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуулинд торгох болон эрх хасахаас өөр эрх зүйн орчин нэн шаардлагатай байгаа юм. Мөн хар тамхи хэрэглэсэн эхэсийг мэдэх ганцхан хар тандагч багажнаас өөр тоног төхөөрөмж байхгүй байгаа нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжгүйг харуулж байна. Хэрэв цаашид хар тамхи хэрэглэсэн жолооч осол аваар гаргавал ямар хариуцлага хүлээх болон хэрхэн яаж мансуурсан жолоочийг таслан зогсоох арга хэмжээ авах нь тодорхойгүй юм.
Албаныхны хэлж буйгаар, саяхан Хан-Уул дүүрэгт жолооч хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ. Тухайн жолоочийг Хар тамхитай тэмцэх тасаг руу шилжүүлэх бөгөөд торгох юм уу, жолоодох эрхийг хасахаас өөр хуулийн заалт байхгүйг хэлж байлаа.
Замын хөдөлгөөнд оролцож буй тухайн жолооч хар тамхи болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа тухайн жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоох журмын дагуу шалгасан үр дүн “хэвийн” буюу “согтууруулах ундаа хэрэглээгүй” гэсэн үзүүлэлт гарсан. Гэвч жолооч тухайн нөхцөл байдалд тохирохгүй зан үйл, шинж тэмдэг /орчноо мэдрэх чадваргүй, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдсан, зан ааш болон үйл хөдлөл тогтворгүй болсон, хэт хөөрч баярлах, гутрах, айж цочирдох, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй байх, хэл яриа, хөдөлгөөний тэнцвэр алдагдсан/-үүд илэрч байвал мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгадаг.
Замын цагдаа тухайн жолоочийн биед үзлэг хийж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй бусад шинж тэмдэг /мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон түүнд хэрэглэгдэх багаж хэрэгслийг биедээ авч явах, биеийн хэсгүүдэд зүү тариурын ором гэх мэт илэрвэл дээрх багажаар бататган шалгадаг байна.
Хэрэв замын хөдөлгөөнд оролцож байхдаа хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдвол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуулийн 27 дугаар зүйл. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох
27.1. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
27.2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. 27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
27.4. Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна хэмээн хуульчлан заажээ.




