Агаарын бохирдлыг бууруулахад нэмэртэй технологиудыг танилцууллаа

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-д нээгдлээ. Салбарын яам болон НЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа уг үзэсгэлэнд 50 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэжээ. Агаарын бохидлыг бууруулах, гэрийн халаалтыг ая тухтай шийдэл олон төрлийн шийдлийг санал болгосон байна. Дутагдалтай зүйл нь өртгийн хувьд өндөр байсан. Ихэнх бүтээгдэхүүний Солонгосоос импортлон оруулж иржээ.
Шалны халаалт 1.2 сая хүртэл төгрөгийн өртөгтэй
Хувийн орон сууц, мөн монгол гэрт суурилуулж ашиглах боломжтой шалны халаалт Солонгос, Хятад зэрэг олон сонголттой байна. Солонгосын шалны халаалтыг монгол гэрт суурилуулахад 500 мянгаас 1.2 сая төгрөгийн зардал гарах аж. Гэрийн шалан дээр шууд дэвсэж ашиглаж болно. Материалын чанараас хамаарч үнэ ийн хэлбэлзэж байгааг хэлсэн. Туршилтаар монгол гэрт суурилуулсан шалны халаалтын цахилгааны хэрэглээнд сард 100 гаруй мянган төгрөгийн зардал гарсан байна.
Шахмал түлш хэрэглэхийг зөвлөв
Үзэсгэлэнд үртсэн болон нүүрсэн шахмал түлшүүд тавигдсан байв. Тухайлбал, нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэгчид багахан тооцоолол гаргасан байна. Тэд 28 м.кв-тай гэрийн халаахын тулд нүүрсэн шахмал түлш хэрэглэснээр түүхий нүүрс түлэхэд гарах зардлаас жилд 140-540 мянган төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой гэв. Гол нь иргэдийн идэвхи чухал. Өртгийн хувьд хямд, хамгийн гол нь агаарын бохирдлыг бууруулахад үлэмж нөлөө үзүүлэх шахмал түлш байсаар байтал иргэд худалдан авахгүй, түүхий нүүрсээ хэрэглэсээр байвал шахмал түлш үйлдвэрлэгчид санхүүгийн хувьд бэхжихгүй, эргээд унадаг. Иймээс шахмал түлшний хэрэглээг иргэд ухамсарлаж дэмжих ёстой хэмээн үйлдвэрлэгчид ярьж байсан.
Халаалтын төхөөрөмж өргөн сонголттой байна
Иргэдийн хамгийн нийтлэг хэрэглэдэг халаалтын төхөөрөмжүүд төрөл бүрээр байна. Орон сууцанд суурилуулсан халаалтын паартай ойролцоо загвар, өнгөтэй халаалтын төхөөрөмжүүд 280-380 мянган төгрөгөөр үнэлэгдэх аж. Үүнээс хямд үнэтэй халаах төхөөрөмжүүд ч байна. Гэхдээ агаарын хуурайшуулдаг зэрэг дутагдал байдаг бололтой.
Дотоод агаараа цэвэршүүлэх хэрэгтэй
Судалгаагаар хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, ажил, гэртээ өнгөрүүлдэг гэсэн үг. Иймээс дотоод орчинг цэвэр байлгах нь чухал аж. Үүнтэй холбоотойгоор агаар цэвэршүүлэгч төрөл бүрийн бүтээгдэхүүн тавигджээ. Томоохон брэндийн агаар цэвэршүүлэгчүүд хүчин чадлаасаа хамаарч 900 мянгаас 1.4 сая хүртэл төгрөгийн ханштай байна. Мөн агаар цэвэршүүлэгч гэрлийн шийдэн байсан. Нэг бүрийн үнэ нь 25 мянган төгрөг. Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хийсэн туршилтаар чийдэнг гэрт асаахад 10-15 минутын дотор дотоод орчны бохирдлыг арилгасан хэмээн танилцууллаа. Үүнээс гадна Солонгосоос оруулж ирсэн, цахилгаанд залгаж агаар цэвэшүүлдэг төхөөрөмжүүд байна. Атгасан гарын дайтай эдгээр төхөөрөмж нь ионоор агаар цэвэршүүлдэг гэнэ. Нэг бүрийн үнэ нь 165 мянган төгрөг.
Газаар гэрээ халааж болно
Газын хэрэглээг орон байр халаахад ашиглаж болох тухай шийдлийг санал болгож байна. Гэхдээ гэр гэхээс илүү томоохон байшинд ашиглахад илүү тохиромжтой аж. Тухайлбал, 600 мянган төгрөгийн өртөг бүхий халаагуур төхөөрөмж 80 метр квадрат байрыг бүрэн халаах гэнэ. Сард дунджаар 45 кг газ хэрэглэнэ. Нэг кг газ 2600 төгрөгийн ханштай аж




