Нийслэлийн прокуророор Д.Баярмагнайг томилжээ
Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогтын бүрэн эрхийн хугацаа шинэ оны өмнөхөн дуусч, түүний оронд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг томилсон билээ. Эл томилгоог УИХ-аар хэлэлцсэн өдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тушаалаар Б.Амгаланбаатарыг дээрх албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор Д.Баярмагнайг нийслэлийн прокуророор мөн томилсон байна.
Б.Амгаланбаатар нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан. Нийслэлийн прокурорын алба хашиж байсан. Түүний ажлыг хүлээж авсан Д.Баярмагнайгийн хувьд мөн прокурорын байгууллагад олон жил ажиллажээ.
Хуулийн байгууллагад ойрын өдрүүдэд хийгдсэн бусад томилгоог сануулъя.
Оны өмнөхөн Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргаар Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтөр томилсон бол түүний оронд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Э.Идэрцогийг томилжээ. Э.Идэрцог өмнө нь Мөрдөн байцаах газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан юм.




