НӨАТ-ын мэдээллээ баталгаажуулахад 5 хоног үлдлээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол буюу энэ оны сугалааны сүүлчийн тохирлыг өнгөрөгч ням гаригт /2016.12.18/ МҮОНТВ-ээр шууд дамжууллаа. Тохиролд арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд бүртгэгдсэн буюу нийт 6,016,028 сугалаа оролцжээ. Харин шагналын сан 675,000,000 төгрөг болсон бол супер шагналын сан 350 сая төгрөг байсан юм.
НӨАТ-ын урамшууллын тохирлоор
-
20 мянган төгрөгийн азтан 5,392
-
100 мянган төгрөгийн азтан 611
-
500 мянган төгрөгийн азтан 52
-
4 сая төгрөгийн азтан 6
-
20 сая төгрөгийн азтан 0
-
100 сая төгрөгийн азтан 0 тодорчээ.
Оны хамгийн сүүлчийн тохирлоор 20 сая, 100 сая төгрөгийн азтан болон супер шагналын эзэн тодорсонгүй. Ингэснээр супер шагналын сан 400 сая төгрөг болсон байна. Энэ удаагийн сугалааны тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 5243 азтан тодорчээ.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон. Тиймээс иргэн та арванхоёрдугаар сарын 25-ны дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголт авах бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах ёстой тул одоо ердөө тав хоног үлдсэнийг санаарай.
Хэрэв та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно.
Өөрөөр хэлбэл
-
Хэрэглэгчийн овог, нэр,
-
Регистрийн дугаар,
-
Цахим шуудан /имэйл/-ийн хаяг,
-
Утасны дугаар,
-
Албан татварын буцаан олголт авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм.




