Өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглов

БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн ослоор амиа алдагсдын тоо жилд дунджаар 100 хол давж сонсогддог байсан. Тэгвэл энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Тэр дундаа Хятад мотоциклтэй явж байгаад осолдсоны улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээд байна гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулж сэрэмжлүүлдэг ч “Орон нутагт мотоциклтой явж байгаад осолдож амиа алдсан” гэх мэдээлэл тасардаггүй гэж хэлж болно.
Ялангуяа орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм байна. Урд зүгээс оруулж байгаа аюултай бүтээгдэхүүн нь нэг нь хямд үнэтэй хятад мотоцикл гэж хэлж болно.
Жилд 320 гаруй хүн энэ унаанаас болж амиа алдсан гэсэн судалгаа ч байдаг. Дайн дажингүй, энх тайван улсын иргэд нэг жилд 300-гаараа амиа алдана гэдэг чинь үймээн мөргөлдөөнтэй улсуудаас ч өндөр үзүүлэлт. Энэ нь эцсийн дүндээ одоо уг асуудлыг шийдэх цаг нь болсон гэдгийг анхааруулж байгаа юм гэдгийг албаныхан байнга хэлдэг. Жилд зуу, зуугаараа амь эрсдэж, бэртэж гэмтэх, эд хөрөнгөө алдаж буй чимээгүй гамшгийн хохирогчид нь монголчууд. Хэдийгээр олон эрсдлийг дагуулж буй ч малчид мотоциклийн хэрэглээнээс татгалзах янзгүйг худалдаачид хэлж байсан юм. Тиймээс бид цаашид мотоциклийн стандартыг боловсруулан мөрдөх шаардлагатай байна.
Одоогоор Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн Засаг даргын захирамжаар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргаад байгаа юм.




