С.Даваапүрэв: Далай лам цэвэр номын айлчлал хийнэ

Манай улсад ес дэх удаагийн айлчлал хийх гэж буй Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалын хөтөлбөрийн талаар Гандантэгчилэн хийдээс мэдээллээ.
1979 оноос хойш өнөөг хүртэл найман удаа заларсан Далай багшийг залах ажлын хэсгийн зохион байгуулагч С.Даваапүрэв лам энэ удаагийн айлчлал улс төрөөс ангид, Есдүгээр Богдын хойд дүрийг тодруулах бус цэвэр номын айлчлал байх болно гэлээ.
"2011 онд Далай багш Монголд морилохдоо хэвлэл мэдээллийнхэнд хандаж айлчлал улс төрөөс ангид гэдгийг хэлж байсан. Энэ удаагийнх ч утга агаар нэг байх болно" гээд "Далай багшийн 80 насны ойг саяхан дэлхий даяар тэмдэглэлээ. Тиймээс багшийн лагшинг харгалзаж ерөнхий хөтөлбөр л ирсэн болохоос нарийвчилсан хөтөлбөрийг бид баталж чадахгүй байна. Тиймээс ерөнхий хөтөлбөртэй уялдсан байдлаар айлчлалыг зохион байгуулна" гэлээ.
Далай лам Монголын сүсэгтэн олонд зориулж Богд ламын ван авшиг, Шар жигжид бурхны насны авшиг зэрэг нэн ховор нарийн номыг айлдах юм байна. Номын айлчлалыг нийт олонд зориулсан номын айлчлал, лам хуваргуудад зориулсан суртгаал хэсэг, Бурханы шашны шинжлэх ухааны төлөөлөл болсон Монголын болон олон улсын эрдэмтэдтэй хэлэлцүүлэг хийх, залуучуудтай уулзах уулзалт зэргээр ангилж байгаа ажээ.
Мөн Их тэнгэрийн аманд багшийг буцах өдрийн өглөө буюу 22-ны өглөө хэвлэлийнхэнд зориулж хэвлэлийн бага хурал хийх талаар С.Даваапүрэв лам хэллээ.
Далай багш 18-ны өдөр буюу маргааш морилж, морилсон өдрөө ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй гэнэ. 19-нд Гандан хийдэд шашны нарийн зан үйл болж, Далай багш цэвэр шашны, лам хуваргууддаа хандсан суртгаал ном айлдах гэнэ.
Мөн 20-ны өдөр сүсэгтэн олонд хандаж, номын авшиг хүртээх үйл явдал болох юм байна. 21-ний өдөр бурхан шашны талаар шинжлэх ухааны эрдэмтэд оролцох эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болох бөгөөд үүний дараа оюутан залуучуудтай уулзах юм байна.




