Цас, мөсөө цэвэрлээгүй ААН-үүд иргэдийн хохирлыг барагдуулна

Ойрын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар цас орж, хүйтэрсэн. Ялангуяа, Улаанбаатар хотын гудамж талбайд мөс тогтож, замд халтиргаа гулгаа үүсээд буй. Үүний улмаас гудамж талбайд явганаас халтирч, гэмтсэн хүмүүс ГССҮТ-ийг зорих болжээ.
Тэгвэл албан байгууллагын эзэмшлийн талбайд бэртэж гэмтсэн иргэд тухайн албан байгууллагаас хохирлоо нэмэмжлэх боломжтой гэнэ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон" байдаг аж.
Тиймээс аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн, орчны 50 метр талбайнхаа цас мөсийг цэвэрлэх ёстой юм. Эл үүргээ биелүүлээгүйн улмаас иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс хохирлоо барагдуулахыг нэхэмжлэх эрхтэй юм байна.




