Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БСШУСЯ, НЭМХ, ГБХЗХГ "Цахим гадуурхал цаашаа" хөтөлбөрт нэгдэв

2016 оны 11 сарын 03

БСШУСЯ-аас сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилгоор “ЦАХИМ ГАДУУРХАЛ ЦААШАА” уриан дор үндэсний хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, “Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ий гишүүн, хөгжмийн зохиолч Н.Халиун,

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн маркетингийн менежер Д.Наранхүү нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад 5000 сурагчийн дунд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-г явуулсан байна.

Ингэхэд

  • Дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон,
  • Долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж,
  • Арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн дүн гарчээ.

Түүнчлэн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг аж. Гадуурхалын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог хийгээд цар хүрээ өргөнтэйгөөрөө цахим гадуурхал илүү хор хөнөөлтэй байдаг аж. Нийгмийн сүлжээ, интернэт хэрэглээ хүүхдүүдийн хувьд зарим талаараа дарамт шахалт, хэн нэгний бай болох нөхцөлийг бүрдүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа юм. Тиймээс сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөрийг зарлаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэв.

Хүүхдийг боловсруулах, хөгжүүлэх хэрэгцээг хангаж байгаагаас биш бусдаар хайрлуулах, хүндлэгдэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас энэ арга хэмжээг зохион байгуулахаар болсон талаар БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн юм.

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спорт хөгжлийн газар, ЮНИСЕФ, Дэлхийн зөн ОУБ, Хүүхдийг ивээх сан, Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, Оюунлаг Монгол хүн ТББ зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажиллах юм. “Интернэтийн давуу тал их ч хүүхдүүдэд нөлөөлөх сөрөг тал их байна. Эрсдэл бодитой бидний эргэн тойронд байна. Хүүхдүүдийнхээ хэрэглээнд эцэг эхчүүд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гарсан байна. Нийгмийн сүлжээнд залруулж болзошгүй алдааг төлөвшөөгүй хүүхдүүд гаргаж байна. Эцэг эхчүүд, мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Сэтгэцийн эрүүл мэнд бол нийгмийн эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг” гэдгийг НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар хэлсэн юм. Тийм ч учраас хүрээлэн энэ тал дээр анхаарч ажиллахаа хэллээ.

Бие биедээ хүндэтгэлтэй хандахыг уриалан улсын хэмжээнд нийт сургуулиудад энэ сэдвээр хичээл орж хөтөлбөрийг нээх юм байна.

Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аварна” уриатай цус өгөх өдөрлөг зохион байгуулна.

 

 
Нэмсэн Үзэлт Нэмэгдсэн
admin 135 28/10/2016
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37611
0 эможи
keyboard_arrow_up