Р.Содхүү: Иргэд харъяалал харгалзахгүй дөрвөн газарт гадаад паспорт захиалж, сунгуулна
Засгийн газраас Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Тэгвэл тус газраас 75 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Мөн энэ үеэр гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлсэн талаар мэдээлсэн юм.
Энэ асуудлаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн саруудад гадаад паспорт олгох ажил удаашраад байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Өнгөрсөн 7, 8, 9 дүгээр сард гадаад паспортын бэлдэцийн хомсдол үүссэн. Гадаад паспортын бэлдэцийг Германаас авчирдаг. Өмнөх Засгийн газар Герман улстай гэрээ хийхгүй орхигдуулсан байсан.
Герман улсад очиж гэрээгээ шинэчлэн мөнгөө төлсөн. Ингээд есдүгээр сарын дунд үеэс гадаад паспорт олгох ажил жигдэрсэн юм. Үүнээс улбаалан ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс бид ачааллыг хэвийн байдалд оруулах зорилгоор албан хаагчдыг нэмэлт цагаар ажиллуулж, иргэний бүртгэлийн газраас улсын бүртгэгчдийг татаж, үйлчилгээний цонхонд нэмэлтээр ажиллууллаа.
-Ер нь өдөрт хэчнээн иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар танайд ханддаг вэ?
-Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш 36751 гадаад паспортыг шинээр олгож, 24944 гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгажээ. Өнгөрсөн хугацаанд гадаад паспортын бэлдэцийн хангамжийг нэмэгдүүлэх үүднээс 4 удаагийн татан авалтаар нийт 80 мянга гаруй бэлдэцийг нийлүүлсэн. Өдөрт дунджаар 900-1000 орчим иргэн гадаад паспортын захиалга өгч, мөн тооны иргэн паспортоо авдаг.
-Өнөөдрөөс эхлэн иргэд гадаад паспорт захиалахаар зөвхөн “100 айл”-ыг зорих хэрэггүй болж байна. Гэхдээ бүх дүүргүүдэд захиалга авдаг болох юм уу?
-Дөрвөн газарт буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэ захиалга авна. Гадаад паспорт захиалах, сунгах ажлыг ОӨУБЕГ-аас гадна Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон авто вокзалд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд авдаг болно. Ингэснээр ОӨУБЕГ-ын ачаалал, дараалал багасна.
-Энэ төвүүд гадаад паспортны үйлчилгээг хэзээнээс эхлүүлэх вэ?
-Ирэх долоо хоногийн лхагва гарагаас буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр гадаад паспортны үйлчилгээ өгдөг болно. Харин гадаад паспортоо сунгуулах иргэд дүүрэгтээ хандах хэрэгтэй.
-Тухайлбал, Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс аль дүүргийн иргэд гадаад паспортын үйлчилгээ авах вэ?
-Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс тэр дүүргийн иргэд үйлчилгээ авна гэж ангилаагүй. Иргэд бүх төвд очиж гадаад паспортны үйлчилгээ авч болно.
-Мэргэжлийн засгийн газар байгуулагдаад 100 хонолоо. Энэ хугацаанд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар ажлуудыг хийв?
-Энэ хугацаанд манай байгууллага бүтцийн хувьд маш том өөрчлөлтийг хийлээ. Хуучнаар оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг нэгтгэлээ. Ингээд цаашид Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар хэмээн нэрлэж энэ хоёр байгууллагын ажлыг гүйцэтгэхээр болсон.
Бид энэ хугацаанд Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу явуулахад Сонгуулийн тухай хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Мөн хаягийн сангийн удирдлагын программыг шинээр боловсруулж, иргэний хаягийн мэдээллээс ижил утгатай хаягийн бичвэрийг нэгтгэх, байхгүй хаягийг цэгцлэх ажлыг сум, дүүрэгт хийж гүйцэтгэсэн.
Мөн Оюуны өмчийн эрхийн хамгаалалтад “IPAS” системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Үүний зэрэгцээ маш олон хурал семинарыг зохион байгуулж, олон хөтөлбөрийг хэрэгжүүлж, заримынх нь хэрэгжих эхлэлийг тавиад байна.





.jpg)