Торгоны замын олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал Улаанбаатар хотод өчигдөр эхэлсэн.
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Монгол Улсын БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа тус бага хурлын хоёр дахь өдөр шинэлэг хандлага, сэдэвчилсэн арга хэмжээгээр дамжуулан нүүдлийн аялал жуулчлалын боломж бололцоог нээн илрүүлэх нь сэдвийн дор санал бодлоо солилцох юм байна. НҮБ-ын ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт хийсэн судалгаагаар дэлхийн аялагчдын 80 гаруй хувь нь торгоны замын талаар ойлголттой гэдэг нь тогтоогдсон аж. Торгоны замын нөөц бололцоог оновчтой ашиглахын тулд танин мэдэхүй, маркетинг сурталчилгаа, хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлэх санал санаачлагын талаар өнөөдөр санал бодлоо солилцож, илтгэлүүд тавигдаж байна. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын танхимын доктор, дэд профессор Ш.Эгшиг "Торгоны зам ба цайны замын концепцийг нэгтгэсэн нүүдлийн аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүн бий болгох нь" сэдэвт илтгэлээ тавьсан бол Бүгд найрамдах Кыргыз Улсын соёл, мэдээлэл, аялал жуулчлалын дэд сайд Азамат Заманкулов "Кыргызийн нүүдлийн аялал жуулчлал" сэдэвт илтгэлийг тавьлаа. Тэрээр илтгэлдээ "2016 онд бүх нүүдэлчдийн дунд спортын арга хэмжээг зохион байгуулсан. 23 төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 63 орны 600 гаруй сэтгүүлчид ирж сурвалжлан, 1 тэрбум 600 гаруй үзэгчид үзсэн байдаг. 2018 онд тус тэмцээнийг Дэлхийн туургатны байгууллагатай хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаа. Энэ наадам маань нүүдэлчдийн аялал жуулчлалыг сурталчлах томоохон ажлын нэг болж байна." хэмээлээ. Харин Нийслэлийн Байгаль орчны дарга Э.Баттулга "Өнөөдөр жуулчлалын блогчид дэлхийд их олон болж бна. Тэднээр дамжуулж сурталчилгаа хийх нь их үр дүнтэй. Учир нь тэдний түгээх мэдээ, мэдээллийг аялах сонирхолтой хүмүүс л үздэг. Эдгээр блогчид бараг л өдөр бүх энд тэнд аялаад явж байдаг учраас хүмүүст илүү бодит мэдрэмж өгч чаддаг. Үүнээс гадна дэлхийн орнуудад дижитал аялал жуулчлалын сурталчилгааг их ашиглаж байна. Бид ч гэсэн энэ ажлыг Монголдоо нэвтрүүлж, ажил хэрэг болгох хэрэгтэй. Үүнээс гадна соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монголчуудын хувьд энэ ажлын эхлэл бол найман сард болдог Даншиг наадмын цар хүрээг улам өргөжүүлэх хэрэгтэй. Бид одоогийн байдлаар Монголдоо ирсэн жуулчдад зориулан travel card, аялагчдад зориулсан аппликэйшн tourist info line гэх мэт ажлуудыг хийж байна " хэмээсэн юм. Илтгэл үргэлжилж байна.




