П.Баярхүү: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дуусгахад нэмээд 123,5 тэрбум төгрөг шаардлагатай

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг хүргэвэл анх 25 байршилд 37 компани төсөл хэрэгжүүлснээс одоогийн байдлаар 17 байршилд 36 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 7347 айлын газрыг чөлөөлөх гурван талт гэрээ байгуулснаас 1777 айл нь газраа чөлөөлжээ.
Харин тэдний 623 нь одоо түрээсийн байранд амьдарч байна. Төсөл хэрэгжүүлж буй 36 компаний 12 нь барилгын ажлаа огт эхлүүлээгүй байна. Энэ бол Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн газар хариуцсан орлогч дарга П.Баярхүү бидэнтэй ярилцах үеэрээ өгсөн тайлбар. Ингээд түүний ярилцлагыг дэлгэрэнгүйгээр танд хүргэж байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсвийн инженерийн дэд бүтцэд 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ их хэмжээний мөнгө ч үр дүн муутай харагдаж байна?
-Тийм ээ. Үр дүнгийн хувьд харилцан адилгүй харагдаж байна. Зарим барилгын компаниуд дэд бүтцээ татахын оронд хуваарилсан мөнгөөр барилгаа эхлүүлсэн бол зарим нь энэ ажлыг маш сайн хийсэн байх жишээтэй. Хөрөнгө оруулалтын хувьд нийслэл болон бондын мөнгөнөөс 100 гаруй тэрбум төгрөгийг гаргасан. Гэхдээ хийх ёстой ажлын 40 орчим хувь нь биелжээ. Уг нь энэ мөнгөөр 1000 айлын орон сууц барих байсан. Түүнчлэн төслийн гацаанаас гарахын тулд банк болон хот нийт 40 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авч, төслийг үргэлжлүүлэх зорилгоор энэ санхүүжилтыг барилгын компаниудад гаргах яриа хэлэлцээр хийж, захирамж гаргахаар бэлдсэн байсан. Төслийг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Ямар ч тооцоо судалгаа гаргаагүй, хэт их яарсан нь харагдаж байна.
-40 тэрбум төгрөгийн асуудлыг зогсоосон уу?
- Хүчингүй болгосон.
- Тийм учраас энэ төсөл зогсчихсон, эсвэл гацаад байгаа хэрэг үү?
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зогссон гэх мэдээлэл тархаж байгаа нь компаниуд санхүүгийн чадамжгүй гэдгээ нууж байгаа нэг хэлбэр. Түүнээс бид энэ төслийг зогсооно гэж нэг ч удаа хэлээгүй. Олон хүний ажил амьдралтай холбоотой асуудал учир үргэлжлүүлнэ. Гэхдээ шаттай. Хоёр байшингаа барьж дуусгаад, дараагийн айлуудаа оруулж, чөлөөлсөн газар дээрээ байшингаа барих жишээний. Тэгэхгүй бол 20, 30 айлын газрыг чөлөөлөөд тэнд бүтэн хороолол босгох эдийн засгийн чадалтай компани Монголд алга.
- Энэ төслийг авч явах шинэ төлөвлөгөө гарсан гэсэн үү?
- Дахин төлөвлөлтийг гурван чиглэлээр хэрэгжүүлнэ. Эхэлсэн ажлаа дуусгана. Түүнээс биш цааш нь томруулахгүй гэсэн үг. Хоёрдугаарт гэр хорооллын газрыг хашаагаар нь төлөвлөнө. Одоогийнх шиг хэтэрхий томоор нь явуулахгүй. Гуравдугаарт насжилт өндөртэй хуучны барилгуудыг дахин барилгажуулна. Нэгэнт 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан энэ ажлыг дуусгахаас өөр аргагүй. Гэхдээ татсан дэд бүтэц нь хэр чанартай вэ гэдгийг дахин шалгана. Тухайлбал “Цэлмэг Ази” компани 20 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр Сэлбэ гол дагуу 6,7 км бохирын шугам татсан. Гэтэл энэ шугам ашиглалтад ороод жил бололгүй голын хөрсний усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон байгаа юм.
- Нэмж хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай болох вэ?
-Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газраас 17 байршилд 2017-2018 онд ажил хийж дуусгана гэвэл 123,5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Энэ жил гэхэд л эдийн засаг хумигдаж, хотын төсөв 100 гаруй тэрбум төгрөгийн тасалдалтай хүндхэн нөхцөлд байна.




