Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас улаанбуудай авч эхэллээ

Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас улаанбуудай авч, үйлдвэрлэлээ явуулж эхлээд байна. Одоогоор улсын хэмжээнд нийт гурилын үйлдвэрийн хүчин чадлын 30 хувийг нь ашиглаж байгаа аж. Засгийн газар, гурилын үйлдвэрүүд, тариаланчдын гурван талын тохиролцоон дээр үндэслэж үнийг тогтоодог боловч хараахан эцэслэж тохироогүй бөгөөд урьдчилгаа төлбөрөө төлөх жишгээр явж байгаа аж.
Одоогийн байдлаар гурилын үйлдвэрүүд улаанбуудайг тонн тутмыг нь 315-440 мянган төгрөгөөр худалдан авах саналыг ХХААХҮЯ-нд ирүүлээд байгаа аж. Салбарын яамны хувьд арилжааны банкуудаас 60 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гурилын үйлдвэрүүдэд олгохоор зорьж, холбогдох уулзалтуудыг хийж байгаа юм. Ингэснээр үйлдвэрүүдийг тариаланчдын будааг худалдаж авахад дэмжлэг болно гэж тооцоолж байна.
Дашрамд дурдахад энэ онд улсын хэмжээнд 482 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвтэй, үүнээс 375 мянгыг нь гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр зорьж байгаа юм байна.




