ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг дахин баривчилжээ
.jpg)
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгтэй холбоотой хэрэг нэг хэсэг намжаад байсан ч хууль, хяналтын байгууллагынхан дахин хөдөлж эхэлсэн бололтой. Учир нь, өчигдөр АТГ-аас Г.Дэнзэнг дахин баривчилсан байна. Түүнийг баривчлах захирамжийг Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргал гаргаж, АТГ-ынхан гэрээс нь баривчилсан гэх мэдээлэл байна.
-Г.Дэнзэн Германаас захидал бичив-
Үйл явдлыг эргэн сөхвөл, түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн
Үйл явдлыг эргэн сөхвөл, түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн юм. Тодруулбал түүнийг “Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж буй.
Гэвч удалгүй түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв. Эл мэдээлэл гараад удаагүй байхад тэрээр гадаадаас захидал ирүүлж байсан юм.
Уг захидалдаа “Монгол Улсын иргэн Г.Дэнзэн миний биеийг хил даван оргон зайлсан гэх огт үндэслэлгүй, ээлжит гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан зориудаар нийтэд түгээж буйг залруулахын тулд уг ил захидлыг бичиж байгааг минь ойлгон хүлээн авна уу. Намайг чиглэсэн олон удаагийн гүтгэлэг нь эхэндээ улс төрийн зорилготой байсан бол одоо хэрээс хэтэрч эдийн засгийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаа далдлах явцуу эрх ашгийн зорилготой болж өөрчлөгдсөнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна.Хоёр жил гаруй үргэлжилж буй энэ гүтгэлэгтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас зарлан дуудаж, шалгасан нэг ч тохиолдол байхгүйг энд зориуд хэлэх нь зүйтэй байх. Хэн нэгний гэм буруутай эсэхийг гүтгэлэг доромжлолоор бус Монгол Улсын шүүх шийддэг гэж бодож байна. Харин үнэн зүйлийг хэлж, ярьсан нь хэлмэгддэг болсон энэ нийгэмд цаашид хэрхэхийг би мэдэхгүй. Дахин хэлэхэд, миний бие ямар нэгэн хэргээс зугтан эх орноосоо дүрвэж, оргон зайлсан зүйл огт байхгүй болно. Одоогоор ХБНГУ-д сургалтад сууж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд хичээлээ дуусгаад эх нутагтаа очно. Эх орондоо байхгүй байгааг минь ашиглан гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг зориудаар тараахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Г.Дэнзэн” хэмээж байжээ.
-2015 оны тавдугаар сард түүнийг цагдан хорив-
Үүний дараахан түүнийг эх орондоо ирээд байхад нь буюу 2015 оны тавдугаар сард АТГ-аас хоёр сар орчим цагдан хорьсон байдаг.
Энэ талаар түүний өмгөөлөгч Д.Содномдорж “Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг АТГ-ын алба хаагчид хууль бусаар албадан саатуулаад байна. Өмгөөлөгчид нь огт мэдэгдэлгүй гэрт нь дайрч ороод нэгжлэг хийж, эхнэр, хүүхдийг нь айлгаад албадан баривчилсан байгаа юм. Өмнө нь нэг ч удаа АТГ-аас дуудаагүй мөртлөө шууд ингэж албадан баривчилж өмгөөлөгчгүй мэдүүлэг авах эрх байхгүй. Энэ бол хууль зөрчсөн асуудал” хэмээн баривчлагдсаных нь дараа хэвлэлд ярьж байв.
Г.Дэнзэн: ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явуургүй арга
Эрүүгийн 2014250007486 дугаартай ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.
Харин ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн “Говь повер” компани руу мөнгө шилжүүлсэн гэх асуудалд “Нэг л өглөө тийм сенсаац мэдээ сайтуудаар гарч ирсэн. Ёстой юу ч мэдээгүй, юу ч мэдэхгүй байхад л над руу дайралтууд ирж эхэлсэн л дээ. Зогсоо зайгүй, тасралтгүй гүтгээд унахаар хүн эхэндээ “пааниг”-т ордог юм билээ. Юу болоод байгааг ч ойлгохоо байсан. Өөрөө тайлбарлая гэхээр хүмүүс хүлээж авахгүй байсан. Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе. Юун тендер, юун Тавантолгой вэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь “Ж” овогтой байсан. Манай эхнэр бол Г.Уянга. Би тэгээд ч тэр компанитай холбогдъё гэж бодоогүй. Аягүй бол асууж сураглавал ахиад холбоно биз гэж бодсон. Ер нь бол Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ. Жишээ нь, Уянга гэдэг нэр гарангуут эхнэр нь болгоод л, “Говь повер” гэдэг компани гэнгүүт Г.Дэнзэн Дорноговийнх гэж холбоод л. Ийм л байсан ш дээ. Намайг огт шалгаагүй хэрнээ шалгаж байгаа мэтээр зарладаг, хэвлэлийн бага хурал хийдэг. Хэрэг хийсэн бол би 2013 ондоо л явдаг газар руу нь явах байсан биз. Би дээр хэлсэнчлэн энэ бол ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шуналтай хүмүүсийн явуургүй арга. Муу нэртэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм. Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа” хэмээн 2015 онд Үндэсний шуудан сонинд ярилцлага өгч байжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Г.Дэнзэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэх гэж байгаа хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр мэдээлж байсан.
Эрүүгийн 2014250007486 дугаартай ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.




