Тайгад төөрсөн хүүг эсэн мэнд оллоо
Сибирийн их тайгад төөрсөн гурван настай Цэрэн Допчут хүүг гурав хоногийн дараа эсэн мэнд олсон тухай Тувагаас мэдээлжээ.
Энэ сарын 18-нд Тувагийн Пий Хемский дүүргийн Хут тосгонд эмээ, өвөөтэйгээ амьдардаг хүү нохойтой тоглож байгаад сураггүй алга болсон юм.
Алга болох үедээ хүү гадуур хувцасгүй байсан ба нохойгоо дагаж яваад ойд төөрсөн бололтой. Тосгоны 100 гаруй иргэн эрэн хайх ажиллагаанд оролцож, нисдэг тэргээр 120 км.кв талбайг самнажээ.
Ингээд хүүг Лхагва гарагт буюу алга болсноос хойш 72 цагийн дараа модны хонгилд хорогдож байхад нь олсон байна.
Орон нутгийн аврах албаны дарга Аяс Сарыглар хүүг маш аюултай нөхцлөөс амьд гарсныг ярьжээ.
Тайгад баавгай, чоно элбэг. Яг одоо баавгайнууд өвлийн бэлтгэлээ хийж хоол хүнс ихээр хураадаг бөгөөд энэ үедээ хөдөлж байгаа амьд бүхэн рүү довтолдог байна.
Мөн тайгад өдөртөө дулаан боловч шөнө нь маш их хүйтэн байдаг ажээ.
Хүүг Хут тосгоноос өмнө зүгт гурван километр зайтай газраас олсон гэнэ.

Хүү авга ахынхаа дуудахыг сонсоод хариу өгснөөр олджээ. Авга нь тэврэх үед хүү хамгийн түрүүнд тоглоомон машинаа байгаа эсэхийг асуусан байна.
Одоо Тувагийн Хут тосгоныхон Цэрэн Допчут хүүг эсэн мэнд олдсоныг тэмдэглэн баярлаж байгаа ба хүүд Маугли хэмээх хоёр дахь нэр хайрлажээ.




