Орон сууцны урьдчилгаа төлбөрийг нийслэлээс гаргана

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн харьяа төрийн албанд ажиллагсад болон бага орлоготой иргэдийг орон сууц худалдаж авахад урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх тухай журмын төсөл боловсруулжээ. Тус журмыг “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-өөр барьсан орон сууцыг борлуулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан аж.
Төрийн өмчийн 119 сургууль, 180 цэцэрлэгийн 11.862 багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 96 хувь нь орон сууц худалдан авах шаардлагатай, дөрвөн хувь нь л урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай гэжээ. Дээрх журмын төсөлд нийслэлийн харьяа төрийн байгууллагад ажиллаж буй, орон сууц авахад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Дэмжлэг авах албан хаагч нь тус байгууллагадаа гурваас доошгүй жил ажилласан, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлөх чадвартай байх ёстой аж. Энэхүү журмыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, энэ сард нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх юм байна. Хэрэв батлагдвал шаардлага хангасан иргэд нийслэлээс дэмжлэг авч, зээлд хамрагдан ирэх сараас ашиглалтад орох гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн орон сууцуудаас худалдан авах боломж бүрдэх ажээ.




