НӨАТ-ын сугалааны ээлжит азтанууд шагналаа гардан авлаа

Гааль, татварын мэдээлэл технологийн төв, Улсын төсөвт үйлдвэрийн газраас НӨАТ-ын талаар мэдээлэл хийж, наймдугаар сарын 21-ний өдрийн тохирлоор 4 сая төгрөгийн азтан болсон иргэдэд батламж гардуулан өглөө.
НӨАТ-ын урамшууллын “E-Barimt” сугалааны 14 дэх тохирол өнгөрсөн наймдугаар сарын 21-ний өдөр болсон юм. Уг тохирлоор нийт 6838 азтан тодорч, 20 мянган төгрөгийг 6157, 100 мянган төгрөгийг 594, 500 мянган төгрөгийг 58 иргэн хожиж азтан болсон бол 4 сая төгрөгийн дөрвөн азтан тодорсон байна.
Одоогийн байдлаар НӨАТ-ын “E-Barimt”-ыг 41768 цэг дээр хэвлэж өгч байгаа аж. Баримт бүртгүүлдэг хэрэглэгчдийн тоо 819446 болж нэмэгдсэн байгаа юм.
Есдүгээр сарын 8-ны байдлаар иргэдэд өгөх 2 хувийн буцаан олголтын хэмжээ 20.7 тэрбум төгрөг болсон байна. Нийт иргэдийн дансанд орсон хонжворын мөнгөн дүн өнөөдрийн байдлаар 2.2 тэрбум болсон. Үүнийг азтан болсоноос хойш 20 хоногийн дотор иргэдийн дансанд шилжүүлэх журамтай байгаа бөгөөд энэ журмын дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа аж.




