Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Стэнд Бай” хөтөлбөрийн талаар Хэн, Юу хэлэв

2016 оны 8 сарын 17

Хамгийн сүүлд 2008 онд эдийн засгийн хүндрэл тохиоход манай улс ОУВС-д хандаж “Стэнд Бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байжээ. уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ манай улсад 1,6 жилийн хугацаанд зээлийн хязгаарлалт тавьж байжээ. Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдалд дахиад л “Стэнд Бай” хөтөлбөр яригдаад эхэлээ. Энэ талаар Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал ам.долларын ханш тогтворжино

Одоогийн хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай” хөтөлбөр. Валютын нөөц муу байгаа учраас ам.долларын ханш нэмэгдэх магадлал өндөр байгаа. Наймдугаар сарын сүүл есдүгээр сараас ам.долларын ханш эрс өсдөг хандлага ажиглагддаг. Нөгөө талаас экспорт сайн биш байгаа нь долларын ханшид сөргөөр нөлөөлсөөр байна. Тэгэхээр хамгийн зөв алхам бол “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. “Стэнд бай” бол ОУВС-гаас хэрэгжүүлдэг, санал болгодог хөтөлбөр. “Стэнд бай”-д Засгийн газраас хүсэлт гаргаж хамрагддаг юм. Энэ хөтөлбөрт хамрагдсаны сайн тал нь хэд хэд бий. Нэгдүгээрт гаднаас хямд эх үүсвэртэй санхүүжилт орж ирнэ. Хоёрдугаарт санхүүгийн болон эдийн засгийн хямралуудыг даван туулах тусгайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүргийн тухайн улс орон хүлээдэг юм. Санхүүгийн сахилга батыг нилээн чанд сахих үүрэг хүлээдгээрээ онцлогтой.

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: “Стэнд бай” хөтөлбөрт 20-иод төрлийн хэлцлийн хувилбар бий

Санхүүгийн хүндрэлийн эсрэг богино хугацаанд авч хэрэгжүүлж болох арга нь гадаадаас зээл авах. Бид ямар нэгэн аргаар ам.доллар оруулж ирэхээс өөр замгүй. Эдийн засгаа аврах олон боломж ярьж болох ч “Стэнд бай”-г онцолмоор байна. Хоёр жилийн өмнө би “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байлаа. Одоо яах аргагүй сонголтын нэг хувилбар болчихоод байна. Өнгөрсөн хоёр жилд бидний нөхцөл байдал асар их дордлоо. Тэгэхээр бид “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. “Стэнд бай” гэж нэрлэж буй, олон улсын валютын сангийн хөтөлбөр нь маш олон хувилбартай. “Стэнд бай”-д 20-иод төрлийн хэлцлийн хувилбар бий. Одоо манайх хандив авагч, харилцан түншлэгч улс. Тэгэхээр хандивлагчдын гарыг харах боломжгүй.

МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун: Энэ бол эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого

Хэд хэдэн төрлийн тусламжууд байж болно. Нэг нь ОУВС-гийн зорилтот хөтөлбөр буюу “Стэнд бай”. Бүтэн нэрээрээ бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн зохицуулалтын дунд хугацааны хөтөлбөр юм. Хөгжиж байгаа улс аливаа хямралтай тулж болно. Хямрал нь хоёр төрөл байдаг. Нэг нь төлбөрийн тэнцэл. Гадагш их хэмжээний мөнгө урсан гарснаар улсын валютын нөөц хоосордог. Нөгөө нь төсвийн хямрал. Бид асуудлаа шийдэхийн тулд дэлхийн зах зээлээс мөнгө босгож болно. Гэхдээ Монгол улс тэр боломжоо аль хэдийн 2012 онд ашиглачихсан. Одоо бид мөнгө босгох бус босгосон мөнгөө яаж төлөх вэ гэдэг асуудалтай тулгараад байна. Хэрэв 2012 онд Чингис бондыг зараагүй бол өдийд зарж болох байсан. Хийх ёстой алхмуудынх нь байр солигдчихсон гэж хэлж болно л доо. Хоёрдугаарт ямар нэгэн улсаас тусламж гуйж болно. Нэг улсаас тусламж авах нь байж болох хувилбарын нэг ч улсын тусгаар тогтнол зэрэг асуудлаа бодвол хүсээд байх зүйл биш.

Эдийн засагч Х.Батсуурь: “Стэнд бай” бол аврал биш дампуурлын эхлэл

“Стэнд бай” гэдэг нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг хямралд орсон дампуурлын ирмэг дээр байгаа улсуудыг аврах хөтөлбөр юм. “Стэнд бай” авралын хөтөлбөр нь хоёр янз байдаг. Нэг нь нэн хямралтай зээл. 0,25-0,75 хувийн хүүтэй. Бага орлоготой буюу ядуу улс орнуудад зориулсан зээл. Харин нөгөө нь жирийн зээлээс 1-2 хувиар бага хүүтэй зээл. Дунд орлоготой улсуудад зориулагдсан. ОУВС-гийн үнэлгээгээр манай улс эхлээд дээд-дунд-орлоготой-улс гэх ангилалд дэвшин орсон байгаа. Тиймээс манай улс нэн хямдралтай зээл авах эрхгүй. ...Манай энэ удаагийн хямрал бол гүн гүнзгий урт хугацааны хямрал. Энэ мэтийн хөтөлбөрт хамрагдаад бүх юм зүгээр болно гэвэл хэт гэнэн хэрэг болно.

/Улстөрийн тойм 2016,08,17 №138/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35473
0 эможи
keyboard_arrow_up