Монгол гэрийг олон улсад худалдаалж байна

29 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дундах шилдгүүдийг тодруулдаг “International Arch of Europe Award” арга хэмжээнд “Woodman” компанийн "Монгол гэр" бүтээгдэхүүн “International Arch of Europe in the Gold Category” буюу олон улсын чанарын алтан цомын эзэн болсон байна. “Woodman”-ийн модон хийц бүхий монгол гэр чанарын шаардлага, стандартаараа дэлхийд тэргүүлдэг Европын Холбооны босгыг давсан нь олон улсын зах зээлд гарахад бэлэн болсон гэдгийг тус компанийнхан онцолж байгаа юм. Мөн ойн сан дахь хаягдал модоо ашиглан тавилга үйлдвэрлэлээр дотоодын зах зээлээ хангах, цаашлаад дэлхийд өрсөлдөх бүрэн боломж байгаа гэж салбарынхан үзэж байна. Тус компанийн мэдээлснээр 2015 оны ойн сангийн нэгдсэн тооллогоор хаягдмал модны 240 сая шоо метр буюу 60-70 жилийн хэрэглээг хангах нөөцтэй болох нь тогтоогджээ.
Дотоодын монгол гэр үйлдвэрлэл ихэвчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн түвшинд явагддаг байсан бол гадаад зах зээлд зай талбай бага, зөөж авч явахад авсаархан монгол гэрийг сонирхох болсноор компаниуд чанараа улам сайжруулж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл болгон хөгжүүлж байна. Тухайлбал “Хаадын гэр” компани мэргэжлийн сийлбэрчдээр гэрийн үндсэн эд ангийг урлан дээд зэрэглэлийн 20 хүртэл ханатай иж бүрэн гэр үйлдвэрлэж, олон улсад сурталчилж байгаа юм.
“Хаадын гэр”-ийн мэдээлж байгаагаар цаг уур, орчны нөхцөл байдлаас шалтгаалан бусад улс орнуудад монгол гэрийн эсгий, туурганы чанарын шаардлага өндөр тавигддаг учраас боловсруулалтын шаардлага хангасан монгол хонины ноосыг “Монноос” компаниас нийлүүлдэг байна.
ОХУ, БНХАУ-ын зах зээл импортын өндөр татвараар хамгаалагдсан байдаг учраас нэвтрэхэд хүндрэлтэй байдаг аж. Зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид ч биш ОХУ-ын “Байкал юрта” компани эсгий гэр болон монгол гэрийн модон тавилга үйлдвэрлэн нийлүүлж байна. Захиалгыг онлайнаар авч төлбөр тооцоог гүйцэтгэхээс гадна бүтээгдэхүүн бэлэн болмогц хүргэлт хийж байгаа нь худалдааг илүү хөнгөвчилж гадаад хэрэглэгчдэд хүрэхэд илүү хялбар болгосон аж.
Үүнээс гадна АНУ-ын “Pacific Yurts” компани монгол гэрийн дизайн хэв маягийг өөрчлөн, илүү орчин үеийн хэв маягтай болгон үйлдвэрлэж байна. Үнийн хувьд хэмжээнээс хамааран 5475 ам.доллараас эхэлж байгаа бол хамгийн ихдээ 10 мянга 995 ам.доллараар худалдаалагддаг аж. Мөн онлайн худалдааг илүү боловсронгуй болгосноос гадна хүргэлтийн үнийг тусад нь тооцдог байна. Тухайлбал олон улсад гэр хүргэлт далайн тээврээр тээвэрлэвэл импортын албан татвар ороод 375 ам.доллар байдаг ажээ.




