"Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн төслийн тоо 500-д хүрэв

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн тоо 500-д хүрчээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээний үеэр орон нутгийн тав, Улаанбаатар хотын нэг сургуулийн төслийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурсан байна. Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт цэцэрлэгийн их засвар болон өргөтгөлийг хийх бол нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн их засварыг мөн хийх юм байна. "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлд зурагдсан эдгээр зургаан төслийг хэрэгжүүлэхэд 463 мянга 571 ам.доллар буюу 894.7 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр төслүүдийг оруулаад энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс хойш "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 15, санхүүжилтийн нийт хэмжээ нэг сая 177 мянган ам.доллар буюу 2.3 тэрбум төгрөг болж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 1990 онд анхны төслөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тусламжийн нийт дүн 33 сая 586 мянга 674 ам.доллар болжээ. Япон улсын Засгийн газар цаашид ч "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн бүхий л боломжийг ашиглахын зэрэгцээ Монгол Улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа ажээ.




