Эрээнд осолдсон автобусны 37 зорчигч 160 сая төгрөг нэхэмжилжээ

Бээжин-Эрээн чиглэлд тээвэрлэлт хийж явсан “Есөн луу” компанийн автобус шатсанаас хойш нилээд хэд хонолоо. Манай улсын консулын хэлтсийн дарга осол гарсан газрын нөхцөл байдалтай танилцаж хохирсон иргэдтэй уулзахаар очсон байна. Холбогдох албаны хүмүүс нь зорчигчдын хохирлыг барагдуулж, яамны зүгээс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа гэсэн тайлбар өгсөн хэдий ч тухайн ослын хохирогч Н-ын ярьснаар "Энд байдал үнэхээр хүнд байна. Манай улсын Консул үнэхээр хариуцлагагүй байна. Хохирсон хүмүүсийн байрлах газар болон хоолны мөнгийг хариуцна гэсэн атлаа түүнийгээ асуудалгүй өгчихгүй. Бид хэл ам хийж байж буудал, хоолны мөнгөө авдаг. Бидний хэлснийг тоохгүй, хүлээж авахгүй байна. Энд өндөр настан, хэлгүй, жирэмсэн хүмүүс хүртэл байгаа. Хохирсон иргэнээс найм нь паспортгүй. Арав гаруй хүн гуталгүй, байдал үнэхээр хэцүү байна" гэж ярьжээ. Одоогийн байдлаар хохирогчдын мэдүүлж байгаагаар нь 37 хүний нийт хохирол 160 сая төгрөг болж байгаа аж. Харин хохирлыг барагдуулах тухайн компаний хувьд зорчигч тээвэрлэлтэд 40 гаруй автобус явуулдаг томоохонд тооцогдох компани юм байна. Тухайн компаний зүгээс хохирогчдыг зөвхөн барааныхаа төлбөрийг тооцуул гэсэн шаардлага тавьжээ.




