Гүүний эхэс боловсруулах үйлдвэр нээгдлээ

Монгол-Японы хөрөнгө оруулалттай "Хорус Блан Монгол" компани анхан шатанд боловсруулсан бүтээгдэхүүнээ Япон улс руу экспортолж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх юм. Эцсийн бүтээгдэхүүн нь гоо сайхан, нүүрний коллаген эссенц, хөгшрөлтийн эсрэг тариа, үе мөчний зөөлөн шингэнийг нөхөх зэрэг бүтээгдэхүүн байгаа аж. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор малчид гүүний эхсийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байгаа юм. "Хорус Блан Монгол" үйлдвэр сайн чанарын хөлдөөсөн эхэсийг 30 мянган төгрөгөөр үнэлдэг бөгөөд энэ жил 600 сая төгрөг буюу 20 тонн эхэс авахаар төлөвлөөд байгаа ажээ. Тус үйлдвэр эхэс худалдан авахаар 21 аймагт 12 агент ажиллуулж байгаа юм байна. Гүүний эхэс боловсруулах үйлдвэр таван жилийн хугацаанд 200 гаруй шинэ ажлын байр бий болгох бол цаашлаад малын гаралтай бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд малын гаралтай бүтээгдэхүүний гаалийн татварыг Япон улс тэглэсэн. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хоёр улс хамтран ажиллах чиглэл барин ажиллаж байгаа юм байна.




