Хувьцааны мөнгөний санхүүжилт Сангийн яамнаас орж ирээгүй байна

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авахаар болж “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн дансанд 300 мянган төгрөг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ инфляци хөөрөгдөхгүй байх үүднээс хувьцааны мөнгийг гурав таслан олгохоор шийдвэрлэж, эхний ээлжийн мөнгийг өгч эхэлсэн. Сүүлийн хоёр долоо хоногийн турш хувьцааны хоёр болон гуравдугаар ээлжийн мөнгийг иргэдэд олгохгүй байгаа ба энэ нь иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна.
Хувьцааны мөнгийг хэзээнээс олгож эхлэх талаар “Капитал” банкнаас тодруулбал “Манай банкинд Сангийн яамнаас хувьцааны мөнгөний санхүүжилт нь орж ирээгүй байгаа. Ер нь долдугаар сарын 10-наас хойш энэ төрлийн санхүүжилт гэж мөнгө ороогүй. Иргэдийн зүгээс манай банкинд маш олноор хандаж байна. Банкны нэг салбарт л гэхэд өдөртөө хамгийн багадаа 50 гаруй хүн хандаж байгаа. “Сайн хувьцаа хөтөлбөрийн санхүүжилт хэзээ орж ирэхийг бид мэдэхгүй байна” гэлээ. Мөн “Хаан”,"Төрийн банк", “Голомт” банкуудад хувьцааны болон хүүхдийн 20 мянган төгрөгийн санхүүжилт ороогүй хэвээр байгаа ба дээрхтэй ижил тайлбар хэлж байна.
Сангийн яамны албаны эх сурвалжаас энэ талаар лавлахад “Төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 10-ны өдрөөс өмнө хувьцааны мөнгийг арилжааны банкуудад шилжүүлж, иргэдэд өгч дуусах байсан. Гэтэл сонгууль, улсын баяр зэрэг үйл явдлууд давхцаж энэ асуудал удаашраад байлаа.
Энэ сарын 23-нд Сангийн яамны сайд солигдож албан тушаалаа хүлээн аваад байна. Шинэ сайдын үүрэг чиглэлээс хамаарч хувьцааны мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх тодорхой болно” гэсэн юм.
Уг хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж эхлээд байсан байсан ба “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаа болон худалдах эрхтэй нийт нэг сая 650 мянган иргэн бий.




