Хилээр 27 кг мөнгөн ус нэвтрүүлэхийг завдсан этгээдийг саатуулан шалгаж байна

МӨНГӨН УС НЬ АМЬСГАЛ БОЛОН АРЬСААР НЭВЧИХ ЗЭРГЭЭР
УДМЫН САНД Ч НӨЛӨӨЛДӨГ-
Сонгуулийн өдрүүдэд цагдаагийн бүх бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ хугацаанд цагдаагийнхан улсын хилээр маш хортой үр дагавар үүсгэх хориотой бодис оруулж ирэхийг завдсан этгээдийг баривчилсан байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газраас Гашуун-Сухайт хилийн боомтоор 27 кг мөнгөн ус хууль бусаар оруулж ирэхийг завдсан этгээдийг саатуулан, шалгаж эхэлжээ.
Мөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжих зэргээр хүн, мал амьтны биед нэвтрэн орж, төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр удаан хугацаагаар хордуулдаг байна.
Дээрх 27 кг мөнгөн ус нь 2007 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд алдагдсан мөнгөн усны хэмжээтэй харьцуулахад 20 дахин их хэмжээтэй аж. 2000 оноос хойш Хонгор суманд уул уурхайн үйлдвэрлэл түлхүү хөгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2005 оноос эхлэн Хонгор сумын төвд мөнгөн ус ашиглан алт угаах болжээ.
2007 оны дөрөвдүгээр сарын 23-нд Хонгор сумын бохир ус цэвэрлэх байгууламжийн орчимд 2 үхэр, 1 хонь үхсэн тухай мэдээллээр Xонгорынхны “Минамата”-ийн өвчлөл эхэлсэн гэдэг. Мөн химийн бодист хордсон дөнгөж төрсөн тугал, сүүлтэй хонь, хүүхдүүдийн бие дээрх тууралт зэрэг мэдээллүүд цацагдсаар байдаг билээ.




