Жон Керри Монголд айлчлах үеэрээ Хятадад анхааруулга өглөө

Монголд айлчилж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри газар нутгийн маргаантай байгаа Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд ADIZ (Air Defense Identification Zone) байгуулах Бээжингийн санаархлыг “өдөөн хатгасан явдал” гэж анхаарууллаа.
ADIZ гэдэг нь тодорхой хэсэг газарт агаарын хүчний хяналт тогтоож, түүгээр нисэн өнгөрөх иргэний нислэгийн онгоцнууд хяналт тавьж байгаа цэргийнхэнд өөрийгөө таниулах шаардлагатай болдог. Ингээгүй бол онгоцыг устгах нөхцөл байдалд хүрэх юм.
Керригийн энэхүү анхааруулга түүний Бээжинд оролцох АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын өмнө гарч байгаагаараа онцлог болж байна.
Хятад улс өмнө нь 2013 онд ийм бүсийг Дорнод Хятадын тэнгист бий болгож байсан ба түүнтэй ижил арга хэмжээг Өмнөд Хятадын тэнгист авахаар төлөвлөж байгааг саяхан хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм.
Өмнөд Хятадын тэнгист Хятад улс нь хэд хэдэн хөрштэйгээ газар нутгийн маргаан дэгдээж өөрийн хиймэл арлыг шуурхай бий болгон цэрэг зэвсэг төвлөрүүлэх болсон.
Үүний хариуд АНУ байлдааны хөлгүүдээ маргаантай байгаа арлуудад ойртуулан байрлуулсан нь Бээжингийн дургүйг хүргэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын армийн эх сурвалж South Chine Morning Post сонинд мэдээлэхдээ “АНУ-ын энэхүү алхмын эсрэг авах арга хэмжээ болгон Бээжин Өмнөд Хятадын тэнгист ADIZ бүс зарлах болно” гэжээ.
Бээжин ийм алхам хийх нь байдлыг хурцатгаж, газар нутгийн асуудлыг дипломат арга замаар шийднэ гэсэн Хятадын амлалтыг ноцтой зөрчих болно хэмээн Керри анхааруулсан байна.




