Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжин чиглэлийн транзит тээврийн туршилтыг наймдугаар сараас эхэлнэ

Зургадугаар сарын 23-24-ний өдөр Ташкент хотноо болох дээд хэмжээний уулзалтаар ОХУ-Монгол-БНХАУ-ын гурван талт транзит тээврийн талаарх хэлэлцээрт эцэслэн гарын үсэг зурах болсон талаар Зам, тээврийн сайд мэдээллээ. Өнгөрсөн сард болсон Тээврийн яамдын ажлын хэсгийн уулзалтаар Азийн авто тээврийн сүлжээ замыг хариуцсан байгууллагын бодлогын хүрээнд гурван талт хэлэлцээрийг яаравчлах, талуудын тээврийн хэлэлцээрт оролцох асуудлыг тохиролцсон байна. Хэлэлцээрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагаан байшинтын боомтоор хойд зүгээс орж ирсэн тээврийн хэрэгсэл Ховдын Ярантын боомтоор гарч, улмаар БНХАУ-ын Шинжан Уйгарт гарах боломжтой талаар мэдээллээ. Мөн Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд ирээд Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгээр дайрч Улаан-Үд хүрэх юм байна. Одоогоор холбогдох гурван улсын яамд зургадугаар сарын 30-ны дотор өөрийн орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх маршрут, хөтөлбөрийг боловсруулах бол туршилтын тээврийн явцад газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоохоор болжээ. Зам, тээврийн сайдын онцолж байгаагаар транзит авто тээврийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр БНСУ, Японоос импортоор орж ирж байгаа автомашинууд Тяньжин боомтоос автомашинаар тээвэрлэгдэж, үнэ нь буурах боломжтой болох юм байна. Мөн хүнд даацын автомашинууд уурхай дээр ажиллахаас бусад үед ачаа тээвэрт явж, ажлын байраа хадгалах боломжтой бөгөөд одоогоор 10 гаруй компани энэ тээвэрт хамрагдахаар саналаа ирүүлсэн байна.




