Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн баярыг 1950 оноос хойш тэмдэглэж байна

2016 оны 6 сарын 01

Зургадугаар сарын 1 бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. 1950 оноос хойш дэлхийн 50 орчим улс Хүүхдийн баярыг зургадугаар сарын 1-ны өдөр тэмдэглэж иржээ. Гэхдээ зарим орнууд нэгээс арванхоёрдугаар сарын хооронд эхний эсвэл сүүлчийн амралын өдрүүдэд Хүүхдийн баярыг тэмдэглэдэг байна. Жишээлбэл, Багамд Хүүхдийн баярыг нэгдүгээр сарын эхний баасан гаригт, Доминик улс арванхоёрдугаар сарын сүүлчийн баасан гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

Япончууд VIII зуунаас охид /III.3/, хөвгүүдийн /V.5/ баярыг тусад нь тэмдэглэж ирсэн уламжлалтай. Гэхдээ Японд 1948 оноос хойш хүүхдийн баярыг тавдугаар сарын 5-нд тэмдэглэж иржээ. Энэ өдөр эх үрсэд хүндэтгэл, хайраа илэрхийлэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин гуравдугаар сарын 3-ны охидын баяр хожим хүүхэлдэйн наадам болж өөрчлөгджээ.

Хойд Солонгост Хүүхдийн баярыг зургадугаар сарын 2-нд тэмдэглэдэг аж. Харин Өмнөд Солонгост тавдугаар сарын 5 бол Хүүхдийн баярын өдөр. Энэ өдөр Өмнөд Солонгосын эцэг, эхчүүд хүүхдүүддээ бэлэг өгч, цагийг хамт өнгөрүүлдэг байна. Хүүхдүүд ихэвчлэн амьтны хүрээлэн, музейгээр зочилж, хүүхдэд зориулсан урлаг соёлын арга хэмжээг үзэж сонирхдог аж.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт

Энэ дэлхий дээр хүүхэд бүхэн аз жаргалтай байж чаддаггүй. Сурч боловсрон, тоглож наадан, өсч томрох насан дээрээ дэлхийн 125 сая хүүхэд томчуудын хийхээс ч халширдаг хүнд хөдөлмөрт нухлагдаж байна. Тэдний олонх нь хөдөлмөр хамгаалал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагддаггүй. Олон улсын боолчлолын эсрэг байгууллагаас мэдээлснээр зөрчил мөргөлдөөнд нэрвэгдсэн 30 гаруй бүс нутагт 300 мянган хүүхэд буу барин тулалдаж явна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтээр Ази, Номхон далайн бүс нутаг тэргүүлсээр байна. Энэ бүс нутагт 78 сая орчим хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Сургууль завсардалт

Зөрчил мөргөлдөөн, ядуурал, хөдөлмөр эрхлэлт, шашны ёс заншил зэрэг олон шалтгааны улмаас хүүхдүүд сургууль завсарддаг. 2013 онд дэлхий дахинаа сургууль завсардсан хүүхдийн тоо 124 сая болж нэмэгдсэн байна. Эдгээрээс 24 сая нь огт сургуульд явж үзээгүй байдаг. Африкийн орнуудад охид сургуульд сурах боломж маш бага байдаг. Түүнчлэн Сирид таван жил үргэлжилсэн зөрчил мөргөлдөөний улмаас 1.8 сая хүүхэд сургууль завсарджээ. Бага болон дунд орлоготой орнууд хүүхэд бүрийг 12 жил сургуульд сургахад 40 тэрбум ам.долларыг зарцуулдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34151
0 эможи
keyboard_arrow_up