С.Ламбаа: Тамхинаас үүдсэн нас баралтын тоо сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн

Өнөөдөр тохиож буй “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд спортын яамнаас мэдээлэл хийлээ. Тамхидалт нь зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий бус улс орон үндэстний хэмжээний тулгамдсан асуудал бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ “Бүх тамхийг адилхан хайрцагтай болгое” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Ийнхүү бүх тамхийн ижил хайрцагтай болгосноор тамхин бүтээгдэхүүний хэрэглээ буурах, тамхины зар сурталчилгааг хязгаарлах, тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгын үр нөлөөг тодотгох ач холбогдолтой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэжээ.
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж, нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөл нь бүгд тамхитай холбоотой. 2013 оны халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байв. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь, 2 эрэгтэй тутмын 1 нь тамхи татдаг” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Тамхины хяналтын тухай хууль” нэлээд бэрхшээлтэй тулгарсан ч батлагдаад хэрэгжиж байна. Тамхидалттай тэмцэх дараагийн ажил бол хуулийн өөрчлөлтөд “Онцгой албан татварыг нэмэх тухай хууль”-ийг батлуулах юм. Уг хуулийн төслийг өргөн барьсан боловч харамсалтай нь УИХ-ын чуулганы хугацаанд амжсангүй. Тамхины онцгой албан татварыг нэмэх нь ихээхэн ач холбогдолтой. Нэгдүгээрт улсын төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрнө. Хоёрдугаарт энэ хэмжээний татвар нэмсэнээр манай улс жилдээ 3025 хүний амь насыг тамхинаас шалтгаантай өвчнөөс аврах боломжтой гэсэн судалгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Тэгэхээр тамхины үнэ нэмэгдэх тусам уушгины хавдар болон зүрх судасны өвчлөл буурна. Тамхины татварыг 10 хувь нэмэгдүүлэхэд тамхичдын тоо 10 хувь буурдаг. Эдийн засгийн арга хэмжээ маш их үр нөлөөтэй. Үнэтэй тамхи худалдан авах нь багасдаг гэсэн үг. Бусад улс оронд бүх тамхи ижил хар эсвэл цагаан хайрцагтай болсон. Тамхи төрөл бүрийн гялалзсан хайрцаг савтай байдаг нь тамхинд орж байгаа хүүхдүүдийг сурталчилгааны аргаар татаж байна гэж үздэг учраас ДЭМБ-аас нэг төрлийн хайрцагтай байх нь зөв гэдгийг санал болгож байгаа. Энэ хуулийн төслийг өргөн барина. Мөн дотоод орчинд тамхины цэг байгуулах тухай асуудлыг ДЭМБ-аас Монгол Улс Тамхины хяналтын тухай хуулиа хойш нь ухраасан үйл явдал боллоо гэж дүгнэсэн.Тиймээс дараагийн удаа өөрчлөлт оруулахдаа дотоод орчинд тамхины цэг байж болохгүй гэдэг хуулийн заалт оруулах ёстой” гэлээ.
Энэ үеэр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч, доктор Лью Воожин, Монгол улсад тамхины хяналтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүн амын дунд тамхины хэрэглээг бууруулах талаар хийж буй үйл ажиллагааг үнэлэн Эрүүл мэнд, спортын яаманд талархлын гэрчилгээ, одон мөн Тамхины хяналтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагааг манлайлан ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт гэрчилгээ, одон гардууллаа.




