Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүн ус уухгүйгээр 5 хоног амьдарч чадна

2016 оны 5 сарын 31

Усгүйгээр хүний амьдралыг төсөөлөх аргагүй. Хүний биеийн эд, эс бүхэн тодорхой хэмжээгээр усыг агуулж байдаг. Насанд хүрсэн хүний биеийн жингийн 55-75%  ус байх бөгөөд тэр нь нас ахих хөгшрөх тутам багасдаг.

Тухайлбал, эхийн хэвлийд дөнгөж бүрэлдэж  байгаа хүний үр хөврөлийн 99% нь, 3 сар болоход нь 91%, эхээс төрөх үед 80%, 60 нас хүрэхэд нь 55% нь ус байх болж буурна. Хүний биеийн эд эсэд агуулагдах усны хэмжээ багасах физиологийн энэхүү үзэгдэл нь булчингийн уян хатан чанар буурах, арьс үрчийх зэрэг хөгшрөлт явагдах үндсэн шалтгаан болдог. 

Хүний биеийн эд эсэд агуулагдах усны хэмжээг авч үзвэл  нулимасны 93%, цусны найрлагын 83%,  хамгийн хатуу хэсэг болох ясны 22 %-ийг ус эзэлнэ. Насанд хүрсэн 70 кг жинтэй хүний 45.5 кг нь ус байх бөгөөд үүнээс цусны ийлдэс 3.5 литр, лимф, эд эсийн гаднах шингэн нь 10.5 литр болдог,

Хүн хүчилтөрөгчгүй бол таван секунд, усгүй бол тав хоног, хоолгүйгээр 50 хоног тэсвэрлэж чадна гэж эрдэмтэд тооцсон байдаг.  Хэрвээ хүний биеийн усны хэмжээ 1-2%-иар буурвал цангах, 5% болоход ухаан балартах, 10% бол хүнд хэлбэрийн усгүйжилт  үхлийн ирмэгт тулж, 20-25% хүрэхэд шууд үхэлд хүргэх аюултай.

Хүн хоногт  хэвийн нөхцөлд 2.5-3 литр шингэнийг гадагш алдах бөгөөд тул хоногт 1.5-2.6 литр усыг хоол ундаар нөхөн авах зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнийг хүний ус хэрэглээний физиологийн норм  гэж тодорхойлдог. Хэрэв өдөрт 1.5 литр ус ууна гэж тооцвол 70 настай хүн 25 тонн,  хоол, ундны хамтаар 2.6 литрийг хэрэглэнэ гэвэл 66 тонн ус физиологийн шаардлагаа хангахын тулд зарцуулах ажээ.

Ус нь биеийн дулааныг зохицуулах үйл ажиллагаанд оролцоно.  Мөн ус давсны тэнцвэрт байдлыг хадгалах, бие махбодид ашигтай бодисыг зөөвөрлөх, эд, эсийн бүтцийг үүсгэх, тусгаарлах, уусгагчийн зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

Ургамал, амьтан, хүн хүний биед ус нь олон янзын бодисийг уусган уусмал хэлбэрээр байх бөгөөд тэнд тасралтгүй үргэлжлэх төрөл бүрийн бодисын солилцоонд оролцоно. Иймээс ч хүний биеийн эд эсийн доторхи ус нь 6-7 хоногт бүрэн солигдож эргэлдэж байдаг.

Нэмж мэдээлэхэд, улс орон бүрт унд, ахуйн усны чанарыг хууль эрх зүйн талаас тухайн улсад мөрдөгдөж байгаа ундны усны чанарын  үндэсний стандартаар зохицуулдаг.  Ундны усны чанар гэдэг нь  эрүүл ахуйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл найрлагын хувьд хүний бие махбодод зохимжтой, ахуй, амьдралын бүхий л шаардлагад хүрэлцээтэй хэмжээний усаар хангагдах боломжийн тухай нэгдсэн ойлголт юм. Усны чанарыг илтгэх үзүүлэлтэнд усны найрлага дахь элементүүдийн зохистой харьцаа, хэмжээ хамаардаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34083
0 эможи
keyboard_arrow_up