Рашаан, сувиллуудад эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилнэ

Зуны дэлгэр цагт хүмүүс рашаан сувилалд амарч эмчлүүлэхийг чухалчилдаг. Тиймээс зуны эхэн сар гарч буй энэ үед амралт, сувиллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорилоо.
Аварга тосон сувилал
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явна. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
Эмчлэх өвчний заалт:
-Арьсны эмгэгүүд
-Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд
-Сахарын диабет
-Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг
-Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
-Үе мөчний хэрх өвчин
-Хамар хоолойн эмгэг
-Гэмтэл бэртлийн дараах үе
Тус рашаан сувилал нь зургадугаар сарын 1-нээс 15-ныг хүртэл 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж. Тухайлбал, энгийн өрөөний нэг хоногийн үнэ 47 мянган төгрөг бол 20 хувийн хөнгөлөлттэй үнээр 28600 төгрөг болж үйлчилж байгаа аж. Харин люкс өрөөнүүдэд нь зургаадугаар сарын 1-15-ний хооронд хоёр том хүн амарвал 0-6 насны нэг хүүхэд үнэгүй амрах хямдрал эдлэх юм байна.
Харин зургадугаар сарын 15-наас хойш бол эрүүл мэндийн даатгалтай бол энгийн өрөө нь 35500-58800 төгрөг /энэ төлбөрт нь хоол, эмчилгээний төлбөр орсон болно/, харин люкс өрөөнүүд нь зэрэглэлээс хамааран нэг өрөөний үнэ нь 75 мянга, 95 мянга, 250 мянган төгрөгийн төлбөртэй бөгөөд үүнд хоол, эмчилгээний зардал ороогүй аж. Харин тухайн люкс өрөөнүүд нь таван хүн орох боломжтойгоос гадна хоол, эмчилгээний зардалд нэг хүний 30500 төгрөг /эрүүл мэндийн даатгалгүй бол нэмж 11 мянган төгрөг/төлөх юм байна.
Хаяг: Баянгол дүүрэг, 13-р хороо, Ард Аюушийн гудамж, Тана мебелийн нэгдүгээр давхарт
Утас: 7000-3034, 9582-9918, 9636-3032
Ар Жанчивлан рашаан
Ар Жанчивлан рашаан сувилал нь 1973 оны 5 дугаар сарын 20-нд байгуулагдсан. Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутагт, Нийслэл Улаанбаатар хотоос 60 км, Төв аймгаас 57 км, Налайх дүүргээс 26 км-т байрладаг. Хан Хэнтий нурууны баруун урд үзүүрт , Туул голын урд, Баянцогт уулын ард далайн түвшнээс дээш дунджаар 1000-1500 метрт оршдог.
Сувилалд ашигладаг рашаан нь ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх ба багасах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрс хүчлийн хийтэй, хүчилтөрөгчийн давхар исэлтэй хүйтэн рашаан юм. Эдүгээ Ар жанчивлан рашаан сувилал нь дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний үрэвсэл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг үр дүнгтэй эмчилж сувилж байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжралттай байдаг. Нэг ээлжиндээ 160 хүнийг хооллох хүчин чадалтай зоогийн тасаг нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эмчилгээний болон эрчимт хоолоор үйлчилнэ.
Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин II Б түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай ба эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Сувилуулах эрхийн бичиг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторын карттай хүлээн авах ба доорх утсанд захиалгаа өгч бүртгүүлснээр сувилуулах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлөлттэй үнээр нэг хоногийн 27 мянган төгрөг аж.
Утас: 99176806, 89267061 99267061
Багануур сувилал
“Багануур” бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд Багануур хотын төвд байрладаг. Ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулан тусгай эмчилгээ буюу нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг сувилал юм. Зуны улиралд Хэрлэн голын эрэг дээр зусланд гарч, долоодугаар сарын дундаас эхлэн гүүний саам уулгах эмчилгээг давхар хийдэг.
Багануур сувилалд өндөр настан, эрүүл мэндийн даатгалтай бол өдрийн 19000 төгрөг, эрүүл мэндийн даатгалгүй бол 30000 төгрөгийн үнэ төлнө. Сувиллын нэг өрөөнд 4-5 хүн орох боломжтой. Хэрвээ хоёр ортой өрөөнд орохыг хүсвэл нэг хүний 5000 төгрөг нэмэгдэх юм байна.
Утас: Хүлээн авах эмч – 70210611, 93049274, 70210109
Баянзүрхийн рашаан сувилал
Баянзүрхийн овооны рашаан нь Завхан аймгийн Нөмрөг суманд УБ-хотоос 1100км-т аймгийн төвөөс 188 км-т, сумаас 40 км-т Шар тагийн өвөр ам, Баян зүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт д.т.д 2080метр өндөрт оршдог. Хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Нэг ээлжиндээ 120 амрагч хүлээн авах чадвартай бөгөөд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж байгалийн аялал, морь хөсөг тэргээр Улаан, Хунт, Холбоо нуурын үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Тус сувилал нь, зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг. Мөн рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай бөгөөд цэвэр агаараар уушгины бүр төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг.
Сувилалд амрахад нэг өдрийн үнэ нь 10-25 мянган төгрөг ба эмчигээний зардал тусдаа байдаг аж. Ямар эмчигээ хийлгэснээс шалтгаалж 20-100 мянга хүртэл хэлбэлзэнэ. Амрагчдаа Нарантуул олоэ улсын худалдааны төвийн гаднаас тусгай унаагаар авах ба хүргэж өгдөг. Нөгөөдрөөс буюу 6-р сарын нэгнээс 9-р сар хүртэл амрагч хүлээн авна.
Утас: 98184711, 94064466
Галтын халуун рашаан
1961 онд Галт сумын “Идэрийн-Ундрал” нэгдлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр халуун рашааны ордыг түшиглэсэн “Халуун усны рашаан амралт” нэртэйгээр байгуулагдсан. Уг рашаан нь сульфат ба сульфат-карбонат натрийн найрлагатай 0.83гр/дм3 эрдэсжилттэй +38⁰С+44⁰С халуун рашаан юм. ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын газрын царцдас судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнгийн хамтарсан экспедицийнхэн 2007 онд судалгаа хийж найрлагыг тогтоожээ. Рашаан нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчний эмчилгээ, түүнчлэн хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдэд ч чухал хэрэгтэй байдаг. Мөн рашаан усны физиологийн үйлчлэл үзүүлдэг үзүүлэлтийн нэг нь түүний орчин PН юм. Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж түүний уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ.
Гурваннуурын рашаан
Хэнтийн Дадал сумын нутагт, Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно далайн төвшнөөс дээш 1300 метрт оршдог. Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600 км, Өмнөдэлгэр сумаар дайрч явахад 500 км явж хүрнэ. Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй. Рашаан сувилал нь дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 500 хүртэл хүн авах хүчин чадалтай.
Уг сувиалал нь шавар эмчилгээ, шилмүүст банн, усан эмчилгээ, физик эмчилгээ, агаар эмчилгээ, бариа засал, зүү төөнүүр, гүүний саам эмчилгээнүүдтэй. Сувиллын үнэ өдрийн таван удаагийн хоол цайтай 35000– 45000 төгрөг. Магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал учраас тэтгэвэр болон өвчний групптэй хүмүүс тушаасан төлбөрийн 50% болон тээврийн зардлын 50%-ийг харьяа газрын халамжийн төвөөс буцаан авах боломжтой.
Утас: 99117578, 98887578, 98987578, 99566962




