Хулгайгаас сэргийлж автомашины толин дээр улсын дугаарыг нь шивж байна

Зуны урин дулаан цаг ирж, хэн хүнгүй авто машинаа ил, задгай талбайд удаан хугацаагаар тавих, байрлуулан хонуулах болсоноор хороолол дундах зам болон зогсоолууд зайгүй болдог. Үүнийг дагаад автомашины толь, аккумулятор, баттерей, авто машинд үлдээсэн эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
Иймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, гаралтыг бууруулах зорилгоор "Толь" нэртэй арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсгийн алба хаагчид иргэдийн өглөө ажилдаа явах, орой ажлаасаа ирэх цагаар машины зогсоолууд дээр очиж иргэдээс зөвшөөрөл аваад толины суурин дээр улсын дугаарыг нь шивж байгаа юм байна. Одоогийн байдлаар нийт 517 машины толин дээр улсын дугаарыг нь үнэ төлбөргүй шивж өгөөд байна.




