Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын урамшууллын системтэй холбоотой ТАВАН ТОО

2016 оны 5 сарын 26

Монголд цоо шинэ үзэгдэл болох НӨАТ-ын урамшууллын систем ажиллаж эхлээд таван сарыг ардаа орхисон. Тэгвэл энэ хугацаанд ямар үр дүнтэй ажилласан талаар тоон мэдээлэл хүргэж байна.

Энд дурдагдах тоог ГТЕГ-ын Мэдээлэл, технологийн төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Р.Отгонтулгын ярилцлагаас авав. Ярилцлага дэлгэрүүлж уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 


НЭГ. Сугалаа 22 тэрбумын төсөвтэй

Энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын урамшууллын системийн сугалаанд Засгийн газраас 22 тэрбум төгрөг төсөвлөжээ.

ХОЁР. Азтануудын 27 орчим хувь нь хонжвороо авсан

НӨАТ-ын урамшууллын систем ажиллаж эхэлснээс хойш нийт 11 удаагийн тохирол явагджээ. Эдгээр тохирлоор 112 мянган азтан тодорсон боловч одоогоор 27 орчим хувь нь л хонжвороо авсан юм байна.

Учир нь баримтаа бүртгүүлээгүй болон бүртгүүлчихээд дансаа баталгаажуулагүй тохиолдолд хонжвор нь дансанд шилжих боломжгүй юм. 

ГУРАВ. Өдөрт 200-300 мянган баримт шинээр бүртгэгдэж байна

Та өдөрт хэдэн баримт бүртгүүлдэг вэ? НӨАТ-ын мэдээллийн технологийн төвийн тооцоолсноор Монголчууд өдөрт 200-300 мянган баримт бүртгүүлдэг ажээ.

ДӨРӨВ. 63 сая баримт хэвлэгдсэн

Таван сарын хугацаанд Монгол Улс даяар ойролцоогоор 63 сая баримт хэвлэгджээ. Энэ нь иргэд сардаа 12-13 сая баримт гар дээрээ авдаг гэсэн үг юм.

НӨАТ-ын урамшууллын системийг хэрэгжүүлж буй багийнхан цаашид сардаа 40 орчим сая баримт гаргах тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа юм байна.

ТАВ. Системийн үнэ 1.5 тэрбум төгрөг

Төслийн үйл ажиллагааны анхны системийг 1.5 тэрбум төгрөгөөр хөгжүүлсэн ажээ. Уг нь гадны компаниудаас 30 орчим сая долларын өртөгтэй систем авах талаар яригдаж байсан боловч Монгол инженерүүдийн гараар хямд өртөгтэй систем бүтээж чаджээ.

Энэ талаар ГТЕГ-ын Мэдээлэл, технологийн төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Р.Отгонтулга “Тухайн үед Солонгосын LG групп 30 сая ам.долларын өртөгтэй системийг Монголд нутагшуулах санал тавьж байсан. Тэр хэмжээний мөнгийг Монгол Улсаас гаргана гэдэг тун бэрхшээлтэй. Гадны зээл тусламж, өрийн асуудал яригдахаас өөр аргагүй байдалд хүрэх байлаа. Ингэхийн оронд дотоодын залуустаа итгэл хүлээлгэе гэсэн зоригтой шийдвэр гаргасан эрхмүүд бий. Яг одоо манай төвд сууж буй инженерийн баг бүрэлдэхүүний залуусын хөдөлмөрийн үр шимээр төсөл амжилттай хэрэгжиж байна” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33856
0 эможи
keyboard_arrow_up