Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Японд ажиллаж буй Монгол залуусын тоог нэмэгдүүлнэ

2016 оны 5 сарын 24

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 16-18-нд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Сайд энэ удаагийн айлчлалаараа Монгол Улс, Япон улс хоорондын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд цоо шинэ хуудас нээсэн хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэсэн юм. Хоёр улсын хооронд 23 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн өгөөжийг нэмэгдүүлэх, дадлагажигчийн тогтолцоог үр дүнтэй ашиглах, хүрээг өргөжүүлж  дадлагажигчдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон асуудлаар Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозаки, Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага /JITCO/-ын ерөнхийлөгч зэрэг хүмүүстэй уулзаж ярилцсан төдийгүй хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээ хэлэлцээг амжилттай хийлээ.

Хөдөлмөрийн сайд эхний уулзалтаа Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага  /JITCO/-ын ерөнхийлөгч Казухиро Сүзүкитэй хийсэн. Энэ байгууллага манай улсаас дадлагажигч хүлээж авах ажлыг хариуцдаг бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд JITCO-гийн гишүүн байгууллагуудад монгол залуусыг ур чадвар эзэмшүүлэхээр зуучилдаг юм.

Г.Баярсайхан сайд “Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас  2015 оны гуравдугаар сард манай яаманд ирүүлсэн албан бичгээр 2020 онд Токио хотноо болох олимпийн наадмын барилга байгууламжийн ажилд ажиллах хүч авах тухай саналыг уламжилсан. Уг бичигт Японы барилгын салбарт манай улсаас ажиллах хүч авах, ялангуяа өмнө нь JITCO байгууллагын “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийг дахин хүлээн авах, мөн шинээр ур чадварын дадлагажигчдыг түлхүү илгээх асуудалд хоёр тал хамтран ажиллах саналыг манай яам дэмжиж, хамтран ажиллах саналаа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн.  Мөн уг асуудал нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хөндөгдөж, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан. Барилгын салбарт гадаадаас ажилтан авах хөтөлбөрийн хүрээнд Япон улсад гурван жилийн хугацаанд барилгын салбарт дадлагажигчаар ажилласан иргэдийг хамруулахаар заасан байна. Манай орны тухайд голчлон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр дадлагажигч илгээсэн. Дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд мэргэжлийн ур чадвар, ажлын арга барил, чанарын хяналт, ажилд хандах хандлага нэмэгдсэн бөгөөд япон хэл, ёс заншил, улс орны талаарх ойлголт мэдлэг нь дээшилсэн тул “Токио-2020” барилгын бүтээн байгуулалтын ажил, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэж үзэж байна” хэмээгээд энэ чиглэлд илүү анхаарч хамтран ажиллахыг Казухиро Сүзүкигээс хүслээ.

Казухиро Сүзүки JITCO байгууллагын хувьд Монгол Улстай сүүлийн 23 жилийн турш амжилттай хамтран ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн сайдын саналыг бүрэн дэмжиж бүх талаар харилцааг өргөжүүлэх боломжтойг дуулгасан. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн яам Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага хооронд хүчин төгөлдөр үйлчилж буй Хамтын ажиллагааны санамж бичигт нэмэлт протокол байгууллаа.

Сайдын айлчлалын нэг том арга хэмжээ нь Япон улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитэй хийх уулзалт байсан юм. Уулзалтаар хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Ур чадварын дадлагажигч бэлтгэх” хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, дадлагажигчийн тоог нэмэх асуудлаар тодорхой саналаа илэрхийлсэн.

Тухайлбал, Монгол Улсаас ур чадварын дадлагажигчдын тоог ялангуяа, газар тариалан, мэдээлэл технологи, зам гүүр, барилгын салбарт нэмэгдүүлэх, Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг нэмэгдүүлэх, гэр бүлээр нь явуулах тал дээр анхаарах, түүнчлэн ур чадварын дадлагажигчийн гэрээний хугацаанд ажлын байрандаа тогтвортой ажилласан иргэний ур чадварыг үнэлэн баталгаажуулж ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлэхэд талууд  ажиллах зэрэг санал тавьсныг Я.Шиозаки сайд хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33711
0 эможи
keyboard_arrow_up