Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Мазаалайн тархац нутаг 5-10 дахин хумигджээ

2016 оны 5 сарын 24

МОНГОЛД 30 ОРЧИМ МАЗААЛАЙ БИЙ- 

Генетикийн судалгаагаар Монгол Улсад 22 мазаалай баавгай бий гэсэн тоо гаргажээ. Мазаалай баавгайг судалж эхэлсэн 1967 оноос хойш түүний тоо толгой 20-35 орчим байсаар байгаа аж. Сүүлийн 50 гаруй жилд тоо толгойд нь өөрчлөлт гараагүй, тархац нутаг нь 1940-өөд оныхоос 10 дахин, 1960-аад оныхоос тав дахин хумигдаж багассан гэж судлаачид тогтоожээ.

Уур амьсгалын өөрчлөлт түүнээс улбаалан тухайн экосистем доройтох, хүний үйл ажиллагаа буюу уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих, байгалийн баялгийг хууль бусаар олборлох явдлаас үүдэн цөөн тоотой мазаалай баавгайн амьдрах орчин, тоо толгойд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа аж.

Сүүлийн жилүүдийн судалгаагаар, Говийн Их Дархан цаазат газарт Атас Ингэс, Шар хулст, Цагаан богд гэсэн баянбүрдийг түшиглэн 45000 км2 нутагт хамгийн багадаа 22-31 толгой мазаалай баавгай байгааг тогтоожээ.

2008-2011 онд генетикийн судалгаа хийснээр 8 эм, 14 эр бодгаль тодорхойлсон байна. Цөөн тоотой мазаалай баавгайн тоо толгой өсөн нэмэгдэхгүй байгаа гол шалтгаан нь түүний идэш тэжээл, задгай уст цэгийн хомсдол бий болсонтой холбоотойг судлаачид хэлж байна. Иймд тухайн амьтны идэш тэжээл, уст цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх буюу амьдрах орчныг тэтгэх, судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байнаг ч дурдав.

1953 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалай баавгай агнахыг хориглож дархан цаазтай болгон, Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэж, 1975 онд дархац нутгийг нь бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авчээ. Мөн мазаалай баавгайн амьдрах орчны загварыг боловсруулах, амьдрах орчныг нь тэтгэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх газрын генератор суурилуулах, хоёр гүний худаг гаргаж булаг шандыг тохижуулах, идэш тэжээлийн ургамлыг баяжуулах чиглэлээр эхний ажлууд хийгдэж байгаа аж.

“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25- 30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. Мөн 1990 оны эхээр 30 гаруй толгой байжээ. Мазаалайн бөөр нойр булчирхайн өвчлөлийг нам дардаг гэх аман ярианаас болж түүнийг ангнах нэг шалтгаан болж байжээ.

Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин, гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зун хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй болдог. Түүний хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар өнгөтэй байдаг. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Арваннэгдүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүхэн хэвтэр засаж ичдэг амьтан. Ичээндээ төдийлэн бөх унтахгүй, тарга тэвээрэг аваагүй үедээ ичээнээс гарч хоол хайн тэнэж явдаг.

Эмэгчин нь ичээнд байх үедээ 1-2 бамбарууш төрүүлдэг. Эмэгчин мазаалай бамбаруушаа алсын аян хийж чаддаг болтол дагуулж явна. Сэгс цагаан Богдоос 1969 онд барьсан эмэгчин бамбарууш муурын чинээ биетэй 4,5 кг жинтэй байв Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 см байдаг. Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж богд, Тост, Нэмэх уул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Идрэнгийн нуруу, Цагаан богд ба Сэгс цагаан богд гэж тогтоосон.

-МАЗААЛАЙ МАШ ЭМЗЭГ АМЬТАН-

Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль экологийн тэнцвэрт бус харьцааны нөлөөгөөр устаж үгүй болж буй баавгайны энэ төрлийг хамгаалахад анхааран олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч нааштай үр дүнд хүрч чадахгүй байгаа юм. Бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог энэ амьтны иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх нь элбэг болжээ. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэдэггүй байна.

Одоо яг байгаа хэмээн тоологдоод байгаа 20 орчим мазаалай маань гурван ГИДЦГ-ын хамгаалалтын бүсэд хуваагдан амьдарч байна. Тэр нь Говь-Алтай аймгийн Атас-Ингэс уул, Шар хулсны баянбүрд, Баянхонгор аймгийн Цагаан богд зэрэгт цөөхөн тоотой байгаа. Энэ гурван газар нь хоорондоо 100-250 километрийн зайтай учраас энэ гурван хэсэгт л үлдсэн цөөхөн мазаалай маань нэг нэгнээ олж чадахгүй байгаа.

Мазаалайн үржил орооны цаг нь таваас найман сарын хооронд үргэлжилдэг. Үржил нь цаг агаараас хамааралтай байдаг. Зуншлага сайтай жил үржил сайн явагддаг. Ер нь мазаалайн үржил удаан. Эвш жил өнжиж төллөдөг, гол төлөв ихэр аламцаг гаргана. Бамбаруушаа 1-2 настай болтол нь дагадаг. Зарим бамбарууш эхийгээ харамлаад үржилд оруулдаггүй. Эрдэмтдийн судалгаагаар мазаалай 10 хүртэл насалдаг гэдгийг тогтоосон байдаг.

Мазаалай амьдрах чадварынхаа хувьд бусад амьтадтай харьцуулахад гайгүй. Байгалийн элдэв бэршээлийг даван туулах, дасан зохицох өндөр чадвартай. Тийм ч учраас хатуу ширүүн уур амьсгалтай говьд амьдардаг. Идэш тэжээлийн хувьд уул нь бол махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр болгож байгаа аж.

Мазаалай маш эмзэг амьтан. Айлгаж цочоож болохгүй. Энэ амьтныг байгалийнх нь нөхцөлд аясаар нь байлгахаас өөр аргагүй. Тодорхой нэг газарт нутагшуулан өсгөн үржүүлэх боломж ч хомс. Мазаалай Алтайн өргөн уудам нутаг Сэгсцагаан богд, үүнийг тойрсон баянбүрдүүдэд тархан нутагшдаг. Тэндэхийн заг, шагшуургыг огтлохгүй, булаг шандыг ариун байлгах нь энэ амьтны амьдрах орчныг бүрдүүлэх гол хөшүүрэг болно.

Иймд дэлхийд ганц энэ ховор амьтнаа хайрлан хамгаалах, өсгөж үржүүлэх тал дээр монголчууд бид л хамтран тэмцэж байж амжилтад хүрнэ. Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33692
1 эможи
keyboard_arrow_up