Шинэ нисэх буудал хүртэлх төмөр замын төслийг "БОГДХАН" төмөр замын төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ

Зам тээврийн сайдын шуурхайгаар Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл төмөр замаар холбогдох тухай шийдвэр гаргасан байна. Ингэхдээ "Аэро экспресс" төмөр замын төслийг Нийслэлийн удирдлагатай хамтран "Богдхан" төмөр замын суурь бүтэц барих төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр болжээ. "Богдхан" төмөр замыг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр барих бөгөөд энэхүү зам нь Төв аймгийн Батсүмбэрт байрладаг Рашаант өртөөнөөс салбарлаж яваад Богд уулын зүүн урд баригдаж байгаа олон улсын Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаар дайрч, Богд уулын өврөөр явсаар Майнтын өртөөнд орох чиглэлтэй байгаа юм. Төмөр замыг дагаад холимог логистикийн төвийг Хөшигийн хөндийн урд талд байгуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хот дундуур дайран өнгөрдөг 35 км төмөр замыг хотын нийтийн тээврийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэж байсан юм. “Богдхан” төмөр зам нь УБТЗ-ын эзэмших хоёр дахь шугам болох учиртай аж. Үүнээс гадна Зам, тээврийн сайдын шуурхайгаар "Монголын Төмөр Зам" ТӨХК-ийг гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч байгууллага болгох асуудлыг Гааль, Татварын Ерөнхий газартай зөвшилцөн шийдвэрлүүлэхээр болсон байна. Түүнчлэн Төмөр замын хувийн хэвшлийн байгууллага болох "Болд төмөр Ерөө гол" компанийн тухайд “Ерөө” өртөөнөөс Ерөө сумын Баянголын төмрийн орд газар хүртэл 83,4 км төмөр замын суурь бүтцийн зурвас газрын эзэмшлийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар батлуулах, энэ төмөр замын өртөө зөрлөгийг олон улсын тээвэрт зарлуулж, төмөр замын суурь бүтцийн ашиглалтын болон тээврийн тарифуудыг хянаж, санал дүгнэлт гаргахаар болжээ.




