Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана

Өнөөдөр /2026.11.06/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. Тэд Нөмрөгийн дархан цаазат газарт /ДЦГ/ гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, түүний үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Энэ нь талуудын гурав дахь удаагийн уулзалт бөгөөд Японы талаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлж, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй тодорхойлон, хамтран ажиллахад анхаарч байгааг Элчин сайд Игавахара Масарү онцоллоо. Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөл байдлыг судлан дүгнэхээр хээрийн судалгаанд ажилласан эрдэмтэн, судлаач, шинжээчдэд талархал илэрхийлж, экосистемийн сэргэн ургалт, нөхөн сэргээлтэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Цаашид хамтын ажиллагааг зөвхөн Нөмрөгийн ДЦГ-аар хязгаарлахгүйгээр байгаль орчны салбарт өргөжүүлэх, харилцаа холбооны салбарын технологи, дэд бүтцийн боломжийг ашиглан байгаль хамгааллын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа онцоллоо.
Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг анхаарлын төвд байлгаж, Засгийн газрын хуралдаан бүрээр холбогдох асуудлыг хэлэлцэн, шаардлагатай шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд түймрийн нөхцөл байдал, учирсан хохирол болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн зүгээс уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлснийг дурдлаа.
Энэ хүрээнд олон улсын эрдэмтэн, судлаачдын мэргэжлийн дэмжлэг, туршлагыг ашиглах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Армен Улсад 2026 оны аравдугаар сард болсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын бага хурлын үеэр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлсэн. ОХУ, БНХАУ болон Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөлтэй уулзсаны үр дүнд туршлагатай эрдэмтэн, судлаачдын дэмжлэг авах талаар харилцан тохиролцсон. Цаашид гал түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хамгаалалтын байгууллагуудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, зам харилцааны хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг мөн онцоллоо. Түүнчлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгаан, нөхцөлтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, шалгалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандах шаардлагатай гэжээ.
