“1072 хувьцаа”-ны мэдээллийг нэг дороос авах нээлттэй өдөрлөг болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй, ил тод компани болох бодлогын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувьцааны үнэ цэн болон үр өгөөжийг өсгөх, ногдол ашиг өвлүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тухайлбал 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нас барсан иргэдийн хувьцаа болон хуваарилагдсан ногдол ашгийг ар гэрт нь өвлүүлэх ажлыг эхлүүлж Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Олон улсын аудитын байгууллага, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг эрх бүхий байгууллагуудтай хамтран нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд иргэдэд 1072 хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос өгөх “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагууд оролцож, хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг өгнө.
