Д.Далайжаргал: Уран олборлох төсөл хэрэгжсэнээр 800 гаруй ажлын байр бий болно Д.Далайжаргал: Уран олборлох төсөл хэрэгжсэнээр 800 гаруй ажлын байр бий болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Далайжаргал: Уран олборлох төсөл хэрэгжсэнээр 800 гаруй ажлын байр бий болно

2022 оны 9 сарын 02

Arslan.mn

“Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ярилцлаа.

-Манай улсад ураны асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин ямар төвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

УИХ-аас 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого” баталсанаар цацраг идэвхт ашигт малтмалын салбарт эрх зүйн шинэлэг харилцаа бий болох нөхцөл бүрдсэн.

Үүнтэй холбогдуулан тухайн онд “Цөмийн энергийн тухай хууль” батлагдаж дагаж мөрдөх болсон. Гэвч энэ хууль нь салбарын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадаж байна уу гэдэг нь өөр асуудал юм. 2009 онд батлагдсан бодлогын үндсэн зорилт нь цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологиор ашиглах, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршиж байна.

-“Мон-Атом” ХХК ураны салбарт ямар үүрэг оролцоотой ажилладаг вэ?

Манай компани “Цөмийн энергийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн хэрэгжилтийг ханган цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой аливаа үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхээр 2009 онд байгуулагдаж байв.

2019 онд “Мон-Атом” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Тэр үеэс “Мон-Атом” ХХК “Эрдэнэс Монгол” ХХК-иас 100 хувь  санхүүжиж менежментийн удирдлагаар хангагдан ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг төслийг амжилттай урагшлуулж эдийн засгийн эргэлтэнд оруулах, бизнесийн зарчмаар ажиллан үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч хурдтай ажиллаж байгаад бид болон хөрөнгө оруулагч тал баяртай байгаа.

Уран нь бусад төрлийн ашигт малтмалтай ижил бидний эргэн тойрон хаа сайгүй байдаг элемент. Мөн алтнаас 500, мөнгөнөөс 20 дахин их тархалттай байдаг. Энэхүү элементийн хэрэглээг цөмийн түлш, цөмийн бөмбөгөөр хязгаарлан ойлгож болохгүй. Бидний өдөр тутмын энгийн амьдралд эрүүл мэнд, үйлдвэрлэлийн салбарт маш өргөн ашигладаг.

Ураныг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олборлож, үсрэнгүй хөгжилтэй орнууд нь боловсруулж байна. Монгол Улс зөвхөн шар нунтаг үйлдвэрлэж байна. Шар нунтаг ямар үед аюултай болдог вэ гэхээр хэд хэдэн дамжлагын дараа цөмийн түлш болоод ирэхээр л аюултай болдог. Гэхдээ дэлхий нийт цөмийн түлшний циклд маш нарийн ажиллаж аюулгүй ажиллагаанд нь онцгой анхаарч хөгжүүлж ирсэн. Ураны салбарт манай хоёр хөрш улс болон Англи, Франц, АНУ гэсэн таван орон л гол тоглогч байж бидний олборлож байгаа шар нунтгийг баяжуулан уран гарган авч байгаа.

-Манай улс ураны хэдий хэрийн нөөц тогтоосон бол. Одоо хайгуул хийж байгаа талбай бий юу?

Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ураны 13 ордод тогтоогдсон нөөцийн хэмжээ 192 мянган тн байна. Энэхүү нөөцийн хэмжээгээр дэлхийн ураны нөөцийн 2 хувийг бүрдүүлж 10 дугаарт эрэмбэлэгддэг. Бид төслөө амжилттай эхлүүлбэл уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч топ 10 орны нэг болно. Ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж одоогоор байхгүй.

-Ураны хайгуул, олборлолт хийхээр ямар ямар компаниуд ажиллаж байгаа вэ. Хэрэгжиж байгаа төслүүд бий юу?

Хуулийн хүрээнд нөхцөл шаардлага хангаж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гарын 5 хуруунд багтах цөөн хэдэн компани манайд үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал,

- Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн Зөөвч Овоо, Дулаан Уул ордуудын төсөлд Францын “Орано” групп 66 хувийн хөрөнгө оруулалттай, “Мон-Атом” ХХК-ийн 34 хувийн оролцоотой,

- Монгол-Чехийн хамтарсан “Гурвансайхан” ХХК-ийн Гурвансайхан, Хараат, Хайрханы ордуудын төсөлд Чех Улсын “Ураниум индастри” ХХК 85 хувийн хөрөнгө оруулалттай, “Мон-Атом” ХХК-ийн 15 хувийн /хуулийн дагуу 34% доошгүй/ оролцоотой,

- Монгол-Хятадын хамтарсан Гурванбулаг ордын төсөл ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар материал бүрдүүлж байгаа бөгөөд энэхүү ордод “Мон-Атом” ХХК нь 51 хувийн оролцоотойгоор хамтарсан компани байгуулахаар тус тус ажиллаж байна.

- Манай улс ураны салбараас жилд хэдэн төгрөгийн орлого олох төлөвлөгөө тооцоо байна вэ?

Одоогийн байдлаар ашиглалтад бэлэн болж буй Зөөвч Овоо төсөл байна.

Монгол улсын уул уурхайн салбарын түүхэнд анхны шар нунтгийг 2021 онд гарган авсан. Янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж уран олборлох энэхүү төсөл олон жил зогсонги байдалд байсан шүү дээ. Харин “Эрдэнэс Монгол” ХХК сүүлийн хоёр жилд төслийг эхлүүлэх ажлыг эрчимтэй хөөцөлдсөний үр дүн гарч эхлээд байна.

Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК ураны хүдрийг газрын дор уусган олборлох технологиор боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны 7 дугаар сард амжилттай эхлүүлсэн.

Үйлдвэрлэлийн туршилт 500 хоног үргэлжлэх ба шар нунтаг хэлбэрээр нийт 16 тн эцсийн бүтээгдэхүүн гарган авах юм.  

Зөвхөн энэхүү төслийн хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум ам.доллар, олох орлого нь 36 жилийн хугацаанд 7 орчим тэрбум ам.доллар, татвар хэлбэрээр орон нутагт 1.3 тэрбум ам.доллар төлнө гэсэн урьдчилсан тооцоо байгаа. Эхний туршилтын үйлдвэрлэлийн хугацаанд 28.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татвар төлбөр, ажилчдын цалин хөлс, гэрээлэгч компаниудын үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулна. Төсөл хэрэгжсэнээр орон нутагт багадаа 800 гаруй ажлын байр бий болно. Өнөөдөр тэнд ажиллаж буй 100 орчим ажилтнуудын ихэнх нь Дорноговийн залуус. Орд ашиглах гэрээнд ажиллах хүчний 99 хувийг орон нутгаас авч ажиллуулна гэж заасан байгаа.

Засгийн газар “Шинэ сэргэлт”-ийн бодлогоор дамжуулж хөгжлийн том төслүүдийг эхлүүлж хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийлсэн. Тиймээс энэхүү төсөл амжилттай хэрэгжин үр ашгаа өгч эхэлбэл Дорноговь аймгийн иргэд ажилтай орлоготой болж орон нутгийн нийгэм эдийн засаг сайжраад зогсохгүй улсын хөгжилд өндөр ач холбогдлоо өгөх юм.

Image preview

-Үйлдвэр ямар технологи хэрэглэх вэ. Мөн аюулгүй байдлаа хангаж байгаль орчин, хүн амьтанд хор хөнөөлгүй ажиллахад хэрхэн анхаарч байна вэ?

Ураны олборлолт нь бусад төрлийн ашигт малтмалтай адил илээр олборлох, далдаар олборлох мөн ГДУО гэх мэт аргуудыг ашигладаг. Эдгээр аргуудаас тухайн ордын тогтоц болон бусад хүчин зүйлээс хамаарч  олборлох аргыг сонгодог. Ураны бага агуулгатай, тунамал гарал үүсэл бүхий ордыг олборлохдоо ГДУО аргыг ашигладаг. Энэ технологи нь уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад эдийн засгийн үр ашиг их, байгаль орчинд үзүүлж байгаа хор нөлөө бага зэрэг давуу тал ихтэй. Бид гол нь усны хяналтдаа анхаарч байх нь нэн чухал юм.

2005 онд дэлхийн нийтээр уран олборлолтын 20 орчим хувь нь ГДУО байсан бол 2022 онд 66 хувь болж өссөн. Энэ аргыг АНУ, БНКазУ, Австрали, Канад зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ашиглаж байгаа нь байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг батлан харуулж байгаа хэрэг. Франц улс өөрийн хувь эзэмшлийн уурхайг дээрх улсуудтай хамтран хэрэгжүүлдэг. Иймээс бидэнд энэхүү технологийн хувьд маш их туршлагатай хөрөнгө оруулагч байгаа нь нэг талаар сайшаалтай хэрэг.

-Аливаа уурхай байгаль орчин, хүн амьтны амьдрах бүсэд нөлөөлдөг. Тэгвэл аюултай, хор хөнөөлтэй ашигт малтмалын нэг гэж ярьдаг уран олборлох, шар нунтаг үйлдвэрлэх технологи нь аюулгүй байж чаддаг уу?

Шар нунтаг гэдэг зүйл хүнд хор нөлөө байхгүй. Цацрагийн түвшин буюу микро зиверт хэмждэг багажаар үзэхэд Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрын яг ижил хэмжээг заадаг. Өөрөөр хэлбэл, байгаль дээрх хэвийн хэмжээнд байна гэсэн үг. Шар нунтгийг дээр дурдсан таван улс баяжуулаад, өндөр технологиор дамжин атомын цахилгаан станцын түлш болох үед л цацрагийн аюул яригдана. Манайд бол энэ бүхэн хол, хуулийн хүрээнд зөвхөн шар нунтгаа л гаргаж авах юм. 

Түүнчлэн, бидний эргэн тойрон тэр чигтээ байгалийн цацрагаар хүрээлэгдэж буй. Онгоцоор нисэхэд цацрагт тодорхой хэмжээнд өртдөг учраас хүн ядардаг. Төрийн ордон ороход төхөөрөмжөөр шалган нэвтрүүлдэг. Метал эд зүйл авч яваа эсэхийг цацрагаар шалгаж байгаа нь тэр. Шүдээ үзүүлж, CT-д зураг авахуулах зэргийг цацрагийн тусламжтай гүйцэтгэдэг. Тухайлбал, бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа лаазалсан ундаа зэрэг бүтээгдэхүүнийг ижил граммтай савлахад цацрагаар хэмжих технологи ашигладаг. Энэ болгон цацраг юм бол яагаад үхэхгүй байна вэ? Бид амьдрал дээр байгалийн цацрагийн шарлагад байнга өртөж байгаа хэдий ч, хоол идэж, унтаж амарч, бодисын солилцоонд ордог учраас хороо гадагшлуулдаг.  Чернобыль шиг дэлбэрэлт, Фүкүшима шиг осол бол аюултай. Энэ бол цөмийн осол болохоос шар нунтагтай холбоогүй тэс өөр зүйл юм. Харин шар нунтаг ямар ч аюулгүй. 

Image preview

-Уран экспортолсон улс хэрэглэсэн хог хаягдлаа эх орондоо булшилдаг гэсэн яриа бий. Үүнээс үүдээд Монгол Улс цөмийн хог хаягдлын “хогийн цэг” болох нь гэсэн хардлага олон нийтийн дунд байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны зарлигаар цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах, нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх, бусад улстай яриа хэлцэл хийхийг хориглосон байдаг. Мөн НҮБ-ын чуулганаар Монгол Улсыг цөмийн статусгүй улс болгон зарлахыг дэмжсэн байдаг. “Шар нутаг” экспортолсон улс түүний боловсруулалт, ашигласан цөмийн түлшнээс үүсэх хаягдлыг буцаан авдаг гэдэг ойлголт олон улсын ямар ч гэрээ, конвенцид байхгүй. Цөмийн хаягдал нь цөмийн түлш хэрэглэж байгаа газар л үүсэх ба тухайн хаягдал гаргаж байгаа улс орны асуудал.

-Манай улс урьд нь уран олборлож байсан гэдэг. Тодруулбал, Мардай гээд ашиглаж байгаад орхисон уурхай бий. Тухайн үед ямар байдлаар уран олборлож байсан бол. Одоо Мардай орчмын бүс нутаг ямар нэг аюулгүй юу?

Дорнод аймгийн Мардайн ураны ордод 1986-1990 он хүртэл олборлолт явуулж 535 тонн уран олборлосон түүх бий. Тухайн үед Оросууд тэр бүс нутагт Эрдэс гээд цэвэрхэн тун тохилог, тусгай хангамжтай, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, бассейн, эмнэлэг гэх мэт хүний бүхий л хэрэгцээг багтаасан зөвхөн мэргэжлийн болон өндөр албан тушаалтан орох эрхтэй 8-12 мянган хүн суурьших хот байгуулсан. Уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн ч одоо уг хотоос балгас л үлдсэн. Хэрвээ үнэхээр ураны олборлолт аюултай байсан бол тийм хотыг байгуулах байсан уу? Өнөө үед тус уурхайн үлдэгдэл ил хаягдал овоолго, газрын гүнээс гарсан ус зэрэг нь нуур байдлаар ил байдаг. Гэсэн ч тус аймагт уранаас болж мал хордсон, өвчлөл гарсан тохиолдол байхгүй. Үүнээс үзвэл ураны хайгуул, олборлолтоос үүдэн байгаль орчин бохирдож, хүн мал хордож байна гэдэг нь ард иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл юм.

-Сүүлийн үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уран олборлож эхэлсэн талбайн бүс нутагт цацраг идэвхт бодис тархаж мал хордсон гэх маргаан, шүүмжлэл байсхийгээд гардаг. Мал төхөөрөхөд гэдэс дотор эрхтэн нь  өвчлөлтэй гарлаа гэсэн бичлэг хүртэл үзүүлж байсан. Үүнд тайлбар өгнө үү?

Хордлого, вирусийн өвчлөл хоёр тэс өөр зүйл шүү дээ. Хэрэв яг одоо энэ өрөөнд вирусийн халдвартай хүн байхад дархлаа сайтай нэгэн нь өвчлөхгүй байж болно. Харин хортой хий ялгарвал энд байгаа бүх хүн ялгаагүй хордоно. Тэгэхээр үнэхээр цацраг хордуулж байгаа бол тэр нутгийн хүн зон мал сүрэгтэйгээ, зуу зуугаараа үхнэ биз дээ. Найман хөлтэй ишиг гээд л хэсэг шуугисан. Тэр нь ямаанд халддаг вирусийн өвчин байсан  учраас тугал, ботго нь үхэхгүй байгаа юм. Хэрэв тийм биш бол хордлого хурга, тугал ялгаагүй үхэх учиртай. Би малын эмч биш ч энэ бол логик энгийн ойлголт.

Сүүлийн гурван жилийн хугацаанд яг энэ асуудлаар Дорноговь аймагт 5-6 удаа Ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Засгийн газрын тогтоолоор шинжлэх ухааны байгууллагын бие даасан эрдэмтэд 2021 онд судалгаа хийж тайлангаа олон нийтэд болоод Засгийн газарт танилцуулсан. Бүх Ажлын хэсгийн тайланд нэг л дүгнэлт байгаа нь цацрагаас болж хүн, мал хордсон нь тогтоогдоогүй. 

Статистикийн мэдээ бол албан ёсны, хамгийн гол эх сурвалж. 2019 оны статистикийн мэдээнд Дорноговь аймгийн хүн амын өвчлөл  бусад аймагтай харьцуулахад доогуур төвшинд гарсан. Ялангуяа, Улаанбадрах сумынх бүр бага төвшинд байсан. Малын өвчлөл ч ялгаагүй бусад аймаг болон улсын дунджаас доогуур байгаа. Хамгийн их малын өвчлөл Өвөрхангай аймагт бүртгэгдсэн байдаг юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй, үндсэн олборлолт огт эхлээгүй байхад Дорноговь аймагт мал амьтан хордсон тухай нотлогдоогүй зүйлсийг ярьсаар л байна.

-Иргэд ураны төсөл хэрэгжүүлж буй Францын “Арева” компани нэрээ өөрчилсөн явдалд шүүмжлэлтэй хандсан. Энэ компани яагаад нэрээ өөрчилсөн бэ?

Францын Засгийн газар цөмийн салбарын бизнесийн загвартаа өөрчлөлт хийснээр компанийн нэрийг сольсон. АРЕВА компани цөмийн  циклийг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа тухайлбал ураны хайгуул, олборлолтоос эхлээд цөмийн цахилгаан станц барих, ажиллуулах, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах хүртэлх хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байсан. Бизнесийн загварыг өөрчлөх Францын Засгийн газрын  шийдвэрийн дагуу 2018 онд уг компанийг хоёр хэсэгт хуваасан байсан. Хоёр дахь хэсгийг нь Орано гэж нэрлэсэн. Орано бол ураны циклд суурилсан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тухайлбал, уран олборлох, байгалийн ураныг боловсруулж, баяжуулахаас гадна ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах үйл ажиллагааг эрхэлж байна. Цөмийн реактор, цөмийн цахилгаан станцад хамаарах үйл ажиллагаа төрийн өмчит өөр компанитай нэгдсэн гэсэн үг.

-Монгол Улс олборлосон уранаа ашиглаад цөмийн эрчим хүч ашиглах боломж бий юу?

2009 онд батлагдсан бодлогын баримт бичигт маш том зорилт тавьсан нь Монгол Улс шар нунтаг олборлогч орноос цөмийн технологи эзэмшигч орон болох тухай тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, атомын цахилгаан станцтай болно гэсэн амбицаа уг баримт бичгээр баталгаажуулсан. Гэтэл амьдрал дээр бодитой хэрэгжсэн зүйл байхгүй, шар нунтгаа тойроод л маргалдаад байдаг. 

Чернобыль, Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг иш татаж, хүмүүс их болгоомжилдог л доо. Бид ийм түвшинд очоогүй байгаа гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Одоогийн туршилтын журмаар уран олборлож байгаа үйл ажиллагааг эдгээр тохиолдолтой бүү хольж хутгаж ойлгооч ээ гэж хүсмээр байгаа юм. Чернобылийн осол технологийн алдаанаас бус, хувь хүний хүчин зүйлээс шалтгаалсан гэдгийг хүн бүр киног нь үзээд мэдэх боломжтой. Хоёрдугаарт, машинаар зүйрлэвэл тэр бол хамгийн анхны атомын цахилгаан станц. Харин одоогийн атомын цахилгаан станцууд хүний хүчин зүйл, ямар ч оролцоогүй болсон. Фүкүшимагийн тухайд мөн НҮБ-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан тайланд цацрагаас болж нэг ч хүн нас бараагүй гэдгийг бичсэн байгаа. Энэ бүх мэдээлэл нээлттэй тул хэн ч олоод үзэх боломжтой.

-Хэрэв цөмийн эрчим хүчний цахилгаан станцтай боллоо гэхэд түүнээс гарах хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Бид нүүрсээ ухаад эрчим хүч үйлдвэрлэж байна. Өнөөдөр Монголын эдийн засгийн хувьд голлох түүхий эд нь нүүрс, зэс. Тэгвэл 1997 оны Киотогийн протокол, 2015 оны Парисын хэлэлцээрээр хүлэмжийн хийг бууруулах хүрээнд нүүрсний аливаа төслүүдийг зогсоохыг тусгасан. Манай улс уг протоколд гарын үсэг зурж амлалт авсан. 2030-2040 оноос нүүрсний хэрэглээ байхгүй болох нь. Тийм учраас өнөөдөр дэлхий дээр 440 гаруй атомын  цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөж 54 цахилгаан станцыг барьж эхлээд байна. Тэдгээрийн дийлэнхийг манай хоёр хөрш барьж байгаа. Өнөөдөр хэрэглэж буй атомын цахилгаан станцуудын тоог 2 дахин нэмж байж агаар дахь нүүрс хүчлийн хийг 50 хувь бууруулж болно гэсэн судалгаа байдаг.

Хэрэв энэ технологи хортой, аюултай байсан бол дэлхий нийтээр атомын цахилгаан станцыг хэрэглэхгүй, нэмж барихгүй байсан биз ээ. Монгол Улс 30 жилийн дараа нүүрсээ түлээд л амьдраад байх уу, эсвэл нар, салхины станц, атомын цахилгаан станц барих уу гэдгээ одоо бодох ёстой. Бидэнд тэр боломж нь байгаа. Баялаг нь байна шүү дээ. Дэлхийн 15-хан улсад нөөц нь байхад бид 10 дугаарт бичигдэж байна. Тиймээс цаашдаа яах вэ гэдгээ одооноос бодох шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643141
2 эможи

Зочин
2023-03-22 20:20
уран гэдэг шар нунтгийг битгий олборло. хор уршиг нь хүмүүсийн удмын санг үгүй хийнэ гэдгийг санах хэрэгтэй
keyboard_arrow_up