Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3 Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

2020 оны 11 сарын 27

Arslan.mn

Завхан аймгийн Отгон сумын нутаг, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг  тойруулан 2-3  ашигт малтмалын зөвшөөрөл олгосон байсныг Засгийн газар энэ оны эхээр цуцласан. Гэвч монголчуудын  хамгийн их  шүтдэг Отгонтэнгэр Очирваань  хайрханд халдаж зүрхэлнэ гэдэг төрийн тахилга гэдэг зүйл тоглоом болсны наад захын   жишээ юм. Бичгийн сурвалжид тэмдэглэснээр одоогоос  1000 гаруй жилийн өмнөөс язгуурын монголчуудын урианхай нар Бурхан Халдун ууланд шүтээн босгон тахиж байсан бол 1778 оноос Богд хан, 1779 оноос Хан Хэнтий, 1818 оноос Отгонтэнгэр уулыг тус тус зарлигаар тахидаг болсон түүхтэй. Монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хааны зарлигаар дээрх уулсыг тайж, 1918 онд хуучин суртлыг дагаж уулсын тахилгыг явуулах тухай хуульчлан тогтоосон. Гэвч 1930-аад оноос тахилгын зан үйлийг зогсоосон. 1990-ээд оноос уламжлалт уул усны тахилгаа сэргээх талаар олон түмнээс гаргасан санаачилгын үндсэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос төрийн тахилгат уул усны тахилгыг сэргээхэд Отгонтэнгэр хайрханыг тахих болсон билээ.

Тус аймгийн удирдлагууд уул уурхайгүй Завхан аймаг болох бодлого баримталсны дүнд  өнгөрсөн жилүүдэд ашигт малтмалын лицензүүдийг цөөрүүлсэн хэмээн мэдэгдэж ирсэн. Тодруулбал,  2016 онд  ашигт малтмалын зөвшөөрөл 95 байсныг 48 болгосон.  105 зөвшөөрөл хүссэн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн тоо баримт байна. ОҮИТБ-ын 2018 оны 2019, 2020 оны тайлан гараагүй хүлээгдэж байгаа тайланд дурдсанаар Завхан аймагт ашиглалтын ес, хайгуулын 60 лицензтэй гэж бүртгэгджээ.  Харин 2020 оны наймдугаар сард орон нутгийн удирдлагуудын зүгээс ашигт малтмалын зөвшөөрлийн тоог 50 хувиар бууруулсан гэсэн байр суурийг хэвлэлээр илэрхийлсэн байна. Харин мэдэл хүрэхгүй, цуцлуулж чадахгүй  ч хөөцөлдсөөр ирсэн нь  2002 онд Отгонтэнгэр хайрханы бэлд олгогдсон  хайгуулын хоёр, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл байсныг Засгийн газар  18 жилийн дараа  ийнхүү цуцласан юм.

Завхан аймагт судалгаа явуулсан зарим  ТББ, судлаачид  тус аймагт ашигт малтмалын зөвшөөрлийн тоог 30 хувиар бууруулсан гэж  үзэж мэдээлсэн баримтууд бас байдаг. Тэд албаны эх сурвалжуудын зүгээс 50 хувь бууруулсан хэмээн мэдээлж байгааг  тайлбарлахдаа тухайн компанийн  зөвшөөрлийн  хугацаа дуусч, дахин сунгуулахаар хүсэлт өгсөн байх хугацаа нь тайлан судалгаанд  хугацаа дуусч цуцлагдсан мэт харагддагтай холбоотой гэсэн юм. Харин Завхан аймагт АМГТГ-ын 2019 оны нэгдүгээр сарын 1-ний  байдлаар гаргасан кадастрын бүртгэлээр уул уурхайн 63 компани 71 тусгай зөвшөөрлөөр 8.253.959.20 га газар эзэмшиж байна гэж мэдээлжээ. Үүнээс 442.655.05 га буюу 5.36 хувь ашигт малтмалын талбай  гэсэн байна. Тэгвэл, Завхан аймгийн олборлох салбарт мониторинг хийх, уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах дэд төслийг хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийн “Өрнөх Хөгжил” ТББ-ын тэргүүн М.Дуламжав хэвлэлд өгсөн ярилцлагадаа   “...энэ тоо нь бага  мэт харагдаж байгаа боловч бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай нутгийн хувьд анхаарах ёстой асуудал юм. Эдгээр 71 тусгай зөвшөөрлөөс хамгийн олон нь Ургамал суманд 21, Дөрвөлжинд 16, Завханмандалд 18, Эрдэнэхайрханд тав, Сантмаргац суманд тав, Шилүүстэйд найм, Цагаанчулуутад тав гэхчлэн тусгай зөвшөөрөл байна. Уул уурхайгүй байсан Завхан аймаг аль хэдийн уул уурхайд өртсөн аймаг болоод буй баримт энэ юм” гэсэн байна.

Отгонтэнгэр хайрхантай холбоотой  Ерөнхий сайдын   “Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана”  гэсэн мэдэгдлийг  хөдөөгийн малчид, иргэд  тусгай хамгаалалттай  болон  дархан цаазат  газар, нутаг нутгийн тахилга шүтээн бүхий уул, овоо, байгалийн үзэсгэлэнт болон цогцолборт газар хамаатай гэж ойлгож хүлээж авсан  байдаг. Тэгэхээр аймаг, сум бүрт нутгийн уугуул иргэдийн тахиж шүтэж ирсэн  уул, овоо бий. Гэтэл Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар  асуудалд мухар сүсгээр хандаж болохгүй гэж  хэлсэн удаатай. Энэ мэт тодорхойгүй, нэг мөр хариу хүлээсэн асуудлууд иргэдийн дунд одоо ч байсаар.

Монгол Улс  тахилгатай уулынхаа ойролцоо лиценз өгөх нь буруу гэдгийг Ерөнхий сайд нь батлан хэлсэн. Энэ шийдвэртээ цаашид ч  тууштай байна гэж үзвэл Завхан аймаг олон  хутагт, хувилгаан төрж гарсан нутаг бөгөөд тахилгатай уул ус олон бий.  Байгалийн ховор тогтоцтой үзэсгэлэнт газрууд, түүнчлэн  түүх,  соёлын дурсгалт газар,  зөвхөн тэнд л ургадаг эмийн үнэт ховор ургамлууд  гэж бий.  Үүнээс  тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэдэг нь харагдана. Тиймээс ч орон нутгийн удирдлагууд, иргэд, малчид нь  нутагтаа зөвхөн аялал жуулчлал хөгжүүлье гэж уул уурхайгүй Завхан аймаг гэсэн хөгжлийн бодлогыг дэвшүүлж ирсэн биз ээ.

Хэдий Завхан аймаг ашигт малтмалын зөвшөөрлийн тоог цөөрүүлсэн ч  орон  нутгийн удирдлагуудын эрх мэдэл хүрэхгүйгээс цөөнгүй нь  цулагдаагүй үлдсэн гэдгийг дээр дурдсан. Өнөөдрийг хүртэл  нэг мөр шийдэгдэлгүй иргэдийн дунд  хэл ам таталсаар байгаа нь ч байна.  Тухайлбал,  тус аймгийн Эрдэнэхайрхан сумын   Баянзүрх, Багануур багийн нутаг Ар Баян айрагт  уул уурхайн олборлолт явуулж буй “Баян Айраг эксплорэйшн”  компанийн үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг цуцлуулахаар  тус сумын Засаг дарга, ИТХ, иргэд хамтран  өнгөрсөн наймдугаар сард шүүхэд хандсан байдаг. Шийдвэр гараагүй учраас уурхайн өрөмдлөгийн  үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байгаа. Энэ компанийн зөвшөөрөл нь Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай Шин Жун Чи компанийн мэдэлд байдаг  гэлцдэг ч мэдээлэл нь ил тод биш, эзэн нь тодорхойгүй. Зөвшөөрлийн хугацаа 2019 оны наймдугаар сарын 1-нд дууссан. Хайгуулын ажил дууссан учраас ашиглалтын зөвшөөрөл авахаар хүсэлтээ өгөх үед иргэд эсэргүүцэж ийнхүү түр саатуулжээ.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын   Ар Баян Айрагт  яагаад уул уурхай, алтны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж болохгүй вэ гэвэл энэ нутаг  Монголын үзэсгэлэнт байгаль бүхий цогцолбор газрын нэг Улаагчны хар нууртай  хаяа залгаа. Цаашлаад Жаахан нуур, Бага нуур гээд олон нуур, голтой холбоотой. Энд дээрх компани алт олборловол гадаргын болон гүний ус ихээр ашиглах учраас  байгаль орчныг доройтуулах эрсдэлтэй. Бүс нутаг, зэргэлдээх сумдын давс, хужир, шүүний хэрэгцээг хангадаг бор давс тус газарт бий. Өөр хаана ч ургадаггүй эмийн ургамал, чулуулаг бодис олонтой. Ар Баян Айраг уул нь нутгийн айлуудын цаг хүндэрсэн үед орж өвөлждөг гол түшиц газар. Одоогоор 34 айлын эзэмшил өвөлжөө  тэнд байдаг. Дээр нь энэ нутгийн хөрс эмзэг, сул шороо ихтэй. Иймээс уул уурхайн хөлд нэрвэгдэх аваас цөлжих аюул нүүрлээд байгааг малчид, иргэд ярьж байгаа юм.

Төр, засгийн зүгээс төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг уул уурхайн лицензээс чөлөөлсөн бол бүс нутгийг цогц байдлаар хамгаалах, тусгай хамгаалалтад орсон  байгалийн үзэсгэлэнт  цогцолбор  газруудыг цогцоор нь хамгаалах нэгдсэн шийдвэр гаргаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Олдох

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621557
0 эможи

Зочин
2020-11-27 20:40
Зочин
2020-11-27 14:16
keyboard_arrow_up