Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг 10 дахь өдрөө хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчин, 26 настай эмэгтэй энэ сарын 15-ны өглөө цасан шуурганы үеэр малдаа яваад сураггүй болсон бөгөөд өнөөдөр 10 дахь өдрөө эрэн хайж байна.
Цаг агаарын хүнд нөхцөлд малдаа явсан эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, Тариалан Сумын ЗДТГ, сумын төрийн албан хаагчид, Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн зэрэг нийт 103 хүн эрлийн ажиллагаанд оролцож байна.
Б.А (26 настай, эмэгтэй)-г эрэн хайх ажиллагаа 2026.10.15-ны өдрийн 07:00 цагаас 2026.10.24-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийт 9 дахь хоног буюу 216 цаг өнгөрсөн байна. Одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 98 гаруй хүн, 11 автомашин, 3 морь, 2 алсын удирдлагат нисэх төхөөрөмж, үнэрч нохой, аврах зориулалтын тусгай автомашин, шаардлагатай багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг ашиглан дайчлагдан ажиллаж байна.
Эрлийн ажиллагаанд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй нийт төрийн албан хаагчид, аврагчид, иргэддээ талархал илэрхийлье гэж Увс аймгийн Тариалан сумын ЗДТГ-аас мэдээллээ.










