ШУУРХАЙ: Баян-Өлгий аймаг хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Баян-Өлгий аймагийн Алтай суманд малын халдварт өвчин батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагт шуурхай хуралдаж, хорио цээрийн хатуу дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.
Тус шийдвэрийн хүрээнд Өлгий – Бугат сум – Алтай сум чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн хааж, халдварын тархалтыг хумих зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтай, Бугат сумын нутаг дэвсгэр болон бусад зургаан чиглэлд байнгын хяналтын пост ажиллуулж эхэлжээ. Постуудад Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж, ариутгал халдваргүйтгэлийг тасралтгүй зохион байгуулна.
Мөн 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, тухайн бүс рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.
Үүнээс гадна олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээ, уулзалт, баяр ёслол, спортын тэмцээн зохион байгуулахыг хориглосон байна.
Албаныхны мэдээлснээр, өвчний голомт бүсэд тандалт, хяналт эрчимжиж, малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд халдварын хүрээг тогтоох, цаашдын эрсдэлийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Аймгийн Онцгой комиссоос иргэд, малчдыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөж, дур мэдэн зорчихгүй байх, худал ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа.

