Говь-Алтай аймаг ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн багш, сурагчдаа 350 сая төгрөгөөр урамшууллаа
Говь-Алтай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор дээгүүр шалгагдаж, амжилт үзүүлсэн багш, сурагчдаа шагнаж урамшуулжээ.
Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор хамгийн өндөр шалгагдсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн багш Б.Түвдэндорж, Ч.Дэлгэрмаа, “Хантайшир – Эрдэм” цогцолбор сургуулийн физикийн багш Л.Нямбаяр нарт тус бүр 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олгожээ. Мөн тус аймгийн хамгийн олон сурагч бэлтгэн оролцуулж нэг сурагч нь 100 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан 1 дүгээр сургуулийн математикийн багш Н.Доржмаад 7,000,000 төгрөг, бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Ү.Баярмааг 5,000,000 төгрөгөөр тус тус урамшуулсан байна. Мөн “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд нийт 80 багш, 11 сургууль, 21 сургалтын менежер, 74 сурагчийг 350,000,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.