ХЭНТИЙ: Хулгайгаар нэвтэрсэн иргэдийн хавьтлуудыг тогтоон, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад СӨРӨГ гарчээ
Хэнтий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус аймаг нөхцөл байдлыг 11-р сарын 16-ны 22:00 цагт хяналтандаа бүрэн авсныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдэгджээ.
Тухайн сэжигтэй хоёр тохиолдлыг PCR шинжилгээ хийлгэхээр 01:20 минутад ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн, хариу өнөөдөр орой /2020.11.17/ гарах юм байна.
Үүссэн цагийн байдалтай холбогдуулан аймгийн ОБГ, ЦГ, Тагнуулын хэлтэс, ЭМГ, ЗӨСТ шуурхай ажиллаж хорио цээрийн дэглэм зөрчиж хулгайгаар нэвтэрсэн иргэдийн маршрутыг гаргаж, шууд хавьтал, хам /тохиолдол/ хавьтлуудыг тогтоон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан, улмаар тусгаарласныг мэдээлж, эцсийн хариу ХӨСҮТ-ийн лабораториас гарч Улсын онцгой комисс мэдээлэх юм байна.
Хэнтий аймгийн онцгой комиссын хуралдаан өчигдөр 23:00 цагт эхэлж, хоёр цаг орчим хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12-р дугаар сарын нэгний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
- Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн ам олноор цугларах газрууд болох барааны зах, худалдааны төв, сүм хийд, бар, зоогийн газар, ресторан, караокены үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 хүртэлх хугацаанд зогсоож, архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг мөн хугацаагаар хориглов.
- Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, мөн сумдын хүнсний дэлгүүрийг 09:00-19:00 цаг, эмийн сан, шатахуун түгээх станц, усан санг ердийн цагийн хуваариар ажиллуулах, Чингис хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон Эвт худалдааны төвийн түлээ нүүрсний худалдаанаас бусад худалдааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
- Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүллээ.
- Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд /ганц бие эцэг/ байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо.
- Төрийн байгууллагын ажиллах цагийн хуваарийг 09:00-12:00, 14:00-16:00 хүнсний дэлгүүр, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 09:00-19:00 цагаар тогтоож, шатахуун түгээх станц, эмийн сан, усан санг ердийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллуулсугай.
- Үзвэр, үйлчилгээний газрууд болон олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон хугацаагаар хязгаарласугай.
- Бүх нийтийн бэлэн байдлын үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, хүнсний худалдаа эрхлэгч нарт үүрэг болгосугай.
- Хүнсний хэрэгцээт бараа худалдан авах, эмийн болон эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэдэд анхааруулсугай.
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан аймаг, сумдын шуурхай штаб, шалган нэвтрүүлэх цэгийн томилгоог 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 16:00 цагийн дотор хийж баталгаажуулахыг Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа.
- Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үүссэн цагийн байдалд уялдуулан зарцуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгалаа.