МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин дархан аварга Д.Цэрэнтогтох "ГЭРЭЛТ ХӨШӨӨ" Арвайхээр хотод босголоо

Өвөрхангай аймаг Арвайхээр хотын үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Арвайхээр хотод 90 бүтээлч ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймгийн харьяат МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Далай даян дархан аварга Д.Цэрэнтогтохын хүрэл хөшөө тус хотод сүндэрлэж нээлтээ хийлээ.
Улсын наадамд дөрөв түрүүлж тав шөвгөрсөн дархан аварга Д. Цэрэнтогтохын хөшөөг Өвөрхангай аймгийн УБ хот дахь нутгийн зөвлөл УИХ-ын гишүүн С.Чинзориг санаачлан нэг жилийн хугацаанд хөшөөг барих ажил нутгийн зон олон, түүний гэр бүл үр хүүхэд, ахан дүүсийн дэмжлэгтэйгээр үргэлжлэн түүхэн ойн энэ өдөр нээлтээ хийж байна. Мөн Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А. Ишдоржийн санаачилгаар Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын ордныг Дархан аварга Д. Цэрэнтогтохын нэрэмжит болгожээ.
Харин түүний гэрэлт хөшөөг өөрийнх нь төрж өссөн Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын боржин чулуугаар босгож уран яруу барилдаан, харцага шонхорын дэвэлтийг дүрслэн бүтжээ.




