Улсын хэмжээнд найман түймэр асч байна

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг суманд хоёр, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд нэг, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд, Хэнтий аймгийн Батширээт суманд тус бүр нэг түймрийг цурманд оруулжээ. Харин Булган аймаг Бугат суманд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд, Ерөө суманд хоёр, Мандал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнод аймгийн Халх гол суманд нэг нэг түймэр гарч байгаа юм байна.
Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, нэг нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байгаа юм.
Сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээнд 127 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд 111 удаа, нийт 127 удаагийн ой, хээрийн гал түймэр гараад байна.




