Ж.Батсуурийн нэхэмжлэлийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид өчигдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны дарга, Засаг дарга асан Ж.Батсуурийн нэхэмжлэлтэй, тус аймгийн ИТХ-д холбогдох хэргийг хэлэлцлээ. Улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Ж.Батсуурь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурлаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан юм.
Энэ оны зургадугаар сарын 29-нд болсон аймгийн ИТХ-ын сонгуулиар АН 16, МАН 17 суудал авсан тухай урьдчилсан дүн гарсан аж. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ж.Батсуурийн нэхэмжлэлийг хангаж, ИТХ-ын анхдугаар хурлыг хүчингүйд тооцсоныг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан юм.
Харин Дээд шүүхийн шүүгчид Ж.Батсуурийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцлоо. Ингэснээр удтал Засаг даргагүй байсан тус аймаг ойрын хугацаанд даргаа томилж, төсөв, бусад асуудлаа шийдэх боломж бүрдэх нь. Өөрөөр хэлбэл, ИТХ-д 17 суудал авсан МАН-аас Засаг даргаа томилох бололтой.




