Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ болж байна
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консталинг групын хэрэгжүүлж буй "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөр"-ийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ өнөөдөр Хан-Уул дүүргийн 15-34 насны залуучуудын дунд зохион байгуулагдаж байна. Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны ахлах мэргэжилтэн, Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлтийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү, Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, төслийн захирал Т.Энхтуяа нар оролцлоо.
Сургалт-арга хэмжээ нь 2016 оны 12 дугаар сарын 9-11-ний хооронд зохион байгуулагдаж байгаа ажээ.
Тус арга хэмжээний зорилго нь:
-Гарааны бизнест залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч мэдлэг, мэдээлэл өгөх
-Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах
-Шилдэг бизнес санаануудыг шалгаруулах, шилдэг бизнес эрхлэгч шалгаруулах, шагнал урамшуулал буюу дэмжлэг үзүүлэх, санхүүжилт олгох юм.
Тус хөтөлбөрт Монгол улсын 21 аймгуудаас найман аймаг, нийслэлийн есөн дүүргүүдээс Хан-Уул, Баянгол дүүргүүд тус тус шалгарч ёургалт авах эрхтэй болжээ. Уг сургалт, арга хэмжээг өмнө нь Баянхонгор аймагт туршиж хэрэгжүүлсэн байна. Туршилтын хөтөлбөр нь амжилттай хэрэгжвэл цаашдаа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Хөдөлмөр Эрхлэгчдийг дэмжих сангаас гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.




