Сүхбаатар аймгийн удирдлагууд 200 гаруй барилгачдыг шагнаж урамшуулжээ

Хөгжлийн түүхэн үе шатанд төр засгаас тавьсан нийгэм, эдийн засгийн зорилт, нийт ард иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бодлогуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн 90 жилийн түүхт барилгын салбарынхны хөдөлмөр бүтээлийг үнэлж, төр засгийн болон Сүхбаатар аймгийн удирдалгууд 200 гаруй барилгачдыг шагнаж урамшуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Санжаажавын Айлтгүй, Дорждэрэмийн Нямаа нарыг төрийн дээд “Алтан гадас” одон, Авирмэдийн Жоожийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ. “Барилгын салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 44 хүн, Нийтийн аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2 хүнийг тус тус шагнасан бол Барилга, хот байгуулалтын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 8 хүн, “Онц тээвэрчин” цол тэмдгээр 2 хүн, 90 жилийн ойн тэмдгээр 7 хүнийг шагнасан байна. Барилгын салбарын ойг тохиолдуулан Монгол барилгачдын холбооны “Монгол Улсын Аварга барилгачин” цол тэмдгээр Э.Алтанцэцэг, Г.Тунгалагтуяа, А.Түмэнжаргал, П.Сэргэлэн нарыг, Монголын барилгачдын ахмадын хорооны “Барилгачдын гавьяа” тэмдгээр Д.Шархүүхэнг шагнасан байна. Түүнчлэн Монголын Улаан загалмайн нийгэмлэг, компани, аж ахуй нэгжүүд, ахмадын холбоодын шагналаар зарим барилгачдыг урамшуулсан юм.
Сүхбаатар аймагт барилгын байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд аймгийн шагналаар нийт 68 хүнийг шагнасан байна. Аймгийн Хүндэт дэвтэрт аймаг, орон нутгийн хөгжил дэвшлийн төлөөх барилгажилтын их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь мөнхжүүлэн ахмад барилгачин Д.Адъяа, Д.Нанзаддорж нарын нэрийг бичиж үлдээн, дурсгалын гэрэгэ гардуулсан юм. Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Ч.Батбэх, Ц.Адъяасүрэн, Ц.Сүрэнчимэг, Т.Оюун, Б.Бадам, Ё.Энхээ, А.Ганбаатар, Р.Юухүү, Г.Баянжаргал, А.Тэрбиш, А.Оюунчимэг нарыг, Засаг даргын “Жуух бичиг”-ээр 34, “Баярын бичиг”-ээр 21 хүнийг тус тус шагналаа. Түүнчлэн Баруун-Урт сумын ЗДТГ-аас Жамбын Моононцагааныг “Хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, сумын Засаг даргын “Баярын бичиг”-ээр 17 барилгачдыг шагнаж урамшуулжээ.




